Африкийн цагаачдыг албадан гаргах ажиллагааг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-05 17:19:19
ТЕЛЬ-АВИВ. /РИА Новости/. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа хэдий ч манай улсын эрх баригчид Африк гаралтай олон мянган цагаачийг албадан гаргах ажиллагааг эхлүүллээ гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

Судан болон Эритрей улсаас ирсэн цагаачдыг эх орон руу нь буцаах боломжгүй байгаа тул хоёр сарын дотор Израилиас сайн дураараа явж, өөрсдийг нь хүлээн авахыг зөвшөөрсөн гуравдагч улс болох Руанда улсад очихыг санал болгосон захидлыг ДХЯ-ны төлөөлөгчид ням гарагаас африк гаралтай цагаачдад гардуулж эхэлсэн байна. Татгалзсан тохиолдолд цагаачдыг хорионд оруулж, хожим нь албадан гаргах юм.

Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, одоогоор захидлыг зөвхөн хүүхэдгүй эрчүүд хүлээн авч байгаа гэнэ. Түүнчлэн Израилиас сайн дураараа гарч байгаа хүмүүст 3,5 мянган ам.доллар олгох юм байна.
 
Албадан гаргах ажиллагааг Израильд хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Африкчуудаас гадна тус улсын эрдэмтдийн нийгэмлэгийн хэдэн зуун төлөөлөгч, нацист Германы бөөнөөр хорих Холокост лагерьт тарчилж явсан хэдэн арван израиль хүн энэ ажиллагааг эсэргүүцэж байгаа аж. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ