Замын хөдлөгөөний аюулгүй байдал алслагдсан газарт хяналтгүй байгааг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-06 13:05:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн албанаас энэ он гарсаар  "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" анхдугаар зөвлөлгөөнийг хийж байгаа юм. Нийслэлийн төвийн буюу Сүхбаатар  дүүргээс эхэлсэн нь Чингэлтэйд буухиалан ирж өнөөдөр  тус дүүргийн ЗЦХ "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" зөвлөлгөөнийг хийж байна. Зөвлөлгөөн эхлэхэд цагдаагийн он, оны хувцас хэрэглэл болон одоо хэрэглэж буй  багаж төхөөрөмж, техник хэрэгсэл, бүх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн танилцуулга бүхий самбар бүхий үзэсгэлэнг зочид төлөөлөгчдөд үзүүлэв. Зочдын гарын үсэгтэй сэтгэгдэл бичүүлж дурсгалын зураг татуулж буй нь ч дотно үйлчилгээ, дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ.

Зөвлөлгөөнийг зохион байгуулж буй Чингэлтэй дүүргийн ЗЦХ-ийн дарга, хурандаа Д.Ганболдтой уулзахад, Нийслэлд тулгардаг замын түгжрэл, замын хөдөлгөөний тулгамдсан асуудлууд манай дүүрэгт адилхан бий. Гэхдээ бид замын хөдөлгөөнийг ганцхан зам тавьснаар шийдэхгүй. Гэр хороолол руу зам тавих, гэрлэн дохиотой, камерын хяналттай, явган зорчигчдын зам гарцтай, иж бүрэн цогцоор шийдэх хэрэгтэй. Тиймээс төсөв, хөрөнгө, төлөвлөлтийг  дүүрэг, хот, засгийн газрынхаа хэмжээнд нэгдсэн бодлого гаргаж хэрэгжүүлэх санал тавьж байна. Манай дүүрэгт гэхэд зуслангийн бүх зам харьяалагддаг бөгөөд хяналт тавих шаардлагатай болсон. Гэтэл зуслангийн замыг сайжруулан тавьсан ч замын хөдөлгөөнд хяналт тавих нөхцлийг бүрдүүлж өгөөгүй. Зусланд айлууд зун бус өвөл ч төвлөрөн суурьших болсноос замын хөдөлгөөн ихсэж, осол ч гарах нь нэмэгдсэн. Гэтэл зундаа хөдөлгөөнт эргүүл ажиллаад өвөл нь эзгүйддэг. Байнгын хяналтгүй болохоор эзгүй замд гарсан осол аваарыг илрүүлэхэд хэцүү. Энэ мэт асуудлаа илтгэлдээ дурдаж удирдлага, дүүргийн дарга нарт саналаа хэллээ гэв.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Баттөр "Бид оны эхнээс цуврал зөвлөлгөөнөө хийж байна. Өнөөдөр болж буй Чингэлтэй дүүргийн зөвлөлгөөн бэлтгэл сайтай, тодорхой асуудлыг дэвшүүлэн хэлэлцэж буй нь үр өгөөжтэй боллоо. Баасан гарагт Баянгол дүүргийн зөвлөлгөөн болно. Ингэж хотын дүүргүүд зөвлөлгөөнөө хийсний дараа нийслэлийн хэмжээний нэгдсэн чуулган хийнэ. Асуудлаа нэгтгээд дунд, дээд шатны удирдлагад танилцуулж, ажил хэрэгч  бодлогоо гаргаж авна" гэлээ.
Зөвлөлгөөнд оролцож буй Монгол Улсын ГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл, ЦЕГ-ын дэд бөгөөд ЗЦГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга  Ж.Эрдэнэбат нар үзэсгэлэнг үзэж сэтгэгдлээ самбарт бичиж зөвлөлгөөнийг үнэлж байв.  Чингэлтэй дүүргийн хувьд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн дуудлага мэдээллийг харьцуулж үзэхэд 2014 онд хамгийн их 11691 байсан бол 2017 онд хамгийн бага 9155 болж буурчээ. Осол 2015 онд хамгийн их 4867 байсан бол 2017 онд 3797 болж буурчээ. 

Ялангуяа хүүхэд гэмтэж бэртэх, осолдох нь их байгаа тул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль "Дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдалд хийсэн дүн шинжилгээ" илтгэл хэлэлцүүлэн  замын тэмдэг, гарц шинээр хийх шаардлагатай сургууль, цэцэрлэгүүдийн асуудлыг ч шийдүүлэхээр боллоо. Чингэлтэй дүүргийн хувьд зам тээврийн осол ихээр гардаг, хүний амь нас хохирсон цэгүүдийн ойр орчимд гэрэлтүүлэг, анхааруулга, сэрэмжлүүлгийн самбар байрлуулж, Чингэлтэй, Хайлаастын зам, гудамж, зуслангийн чиглэлд 12 самбар, зөөврийн хурд хэмжигч, явуулын пост ажиллуулж байна. Эдгээр замд 34 удаагийн хяналт шалгалт, 24 цагаар 3 ээлжээр хяналтын цагдаа ажиллуулж замын хөдлөгөөний аюулгүй байдлыг сахиж байгаа ч алслагдсан газруудад хяналтгүй байгааг зөвлөлгөөний үеэр онцоллоо.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ