Цагдаагийн дарга асан, хошууч генерал Б.Пүрэвийн тухай баримтат кино бүтээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-06 17:37:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор, хошууч генерал Б.Пүрэвийн ажил, амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан шонхор” баримтат киноны нээлт өнөөдөр "Сүлд" чуулгад боллоо.
Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Хууль сахиулахын их сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, киноны зохиолч уран бүтээлчид , цагдаагийн байгууллагын алба хаагчдын төлөөлөл оролцов.Баримтат киноны нээлтийн үеэр гол баатар, хошууч генерал Б.Пүрэв “Бүрэн зохист” продакшн, ХСИС-ийн хамт олон, дэмжиж, тусалсан Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүн болоод кино бүтэхэд оролцсон, хичээл зүтгэл гаргасан хүн бүхэнд баярлаж талархснаа илэрхийлэв. Киноны гол баатар тэрбээр "Хүний амьдралд эргэлт гэж байдаг. Миний амьдралд гарсан тэрхүү эргэлт бүрээр киногоо хөтөлж хийсэн нь онцлог, сэтгэлд тааламжтай байлаа. Сайхан уран бүтээл болсон байна. Кино хийхээр цуглуулсан эх материалаас нэлээн нь багтаагүй” байна хэмээв.
Кино зохиолыг 
Ц.Оюундарь бичсэн бөгөөд тэрбээр “Бид Монголын Цагдаагийн байгууллагын дарга нарын амьдрал, үйлсээс сэдэвлэсэн гурав дахь киногоо бүтээж ийнхүү амжилттай нээлээ. Хошууч генерал Б.Пүрэв хэмээх энэ хүний түүхээр дамжуулан Монголын орчин үеийн цагдаагийн түүх өгүүлэгдэж байгаа юм. Монгол Улсын түүхийн маш эгзэгтэй, шилжилтийн үед хэрхэн зөв шийдвэр гаргаж, төрийн хүний голч нурууг барьж ажиллаж чадсан эрхмийн түүхийг өгүүлнэ. Энэхүү киноноос одоо цаг үеийн залуус их зүйлийг мэдэж, сурч авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 
“Цагаан шонхор” баримтат киног “Бамбай секьюрити” компани ивээн тэтгэжээ. Хошууч генерал Б.Пүрэв цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан, цагдаагийн байгууллагыг бэлгэдэлтэй болгосон гээд цагдаагийн байгууллагын хөгжилд тал бүрийн үнэтэй хувь нэмэр оруулсан талаар үе үеийн удирдлагууд, алба хаагчид бахархан дурсдаг юм.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ