Завханы Төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд хамтран ажиллахаар боллоо. Завхан аймгийн хэмжээнд 120 иргэний нийгмийн байгууллага, ТББ бүртгэлтэй байдаг ажээ. Тэгвэл тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй төрийн бус байгууллага аймгийн Иргэний танхимдаа цуглаж мэдээлэл хуваалцах уулзалт хийжээ.
Энэ үеэр Өрнөх хөгжил ТББ-аас иргэний нийгэм гэж юу бэ?, иргэний нийгмийн ямар хэлбэрүүд байна, иргэний нийгмийн цөм нь сайн дурынхан байдаг талаар мэдээлэл өгчээ. Харин төрийн бус байгууллагын хэлбэр, нийгэмд үзүүлэх үүрэг, чадавх оролцоо хууль эрх зүйн талаар Өрнөх хөгжил сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн Тунатэргэл сан ТББ-ын гүйцэтгэх захирал Р.Алтан-Өлзий, иргэний нийгэм, төрийн бус байгуулагын үнэт зүйл гэж юу болох, төр, бизнесийн байгуулагаас үнэт зүйлээр ялгарах, баримтлах ёс зүйн талаар Өрнөх хөгжи ТББ-ын тэргүүн М.Дуламжав нар тус тус мэдээлэл хийсэн байна.
Уулзалтын үеэр Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас ирэх дөрвөн жилийн хугацаанд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх "Завхан аймгийн эдийн засгийн хөгжил, өсөлтөнд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь" төслийн танилцуулгыг өгч аймгийн иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран оролцохыг хүслээ. Уулзалтын үр дүнд цаашид Завханы төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, төслийн хүрээнд чадавхаа нэмэгдүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ололт амжилтаа хуваалцаж байх, мэдээ мэдээллээ олон нийтэд нээлттэй хүргэж байхаар боллоо.
Дашрамд иргэний нийгмийн байгууллагууд иргэд төр засгийг хооронд нь холбож өгөхөөс гадна төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сайн засаглалыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэх зорилготой байдаг ажээ.
Б.Мягмарсүрэн