Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 39 хууль, 9 тогтоол батлуулжээ

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-02-08 16:20:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, намрын чуулганы үр дүнгээр мэдээлэл хийлээ.

Чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо нь банк санхүүгийн чиглэлээрх багц хууль тогтоомжуудыг хэлэлцэн батлуулах, төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, энэ оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар санал дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх, зарим яам газруудад үүрэг чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл ярилцлага өгөх зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Мөн хугацаанд нийт 39 хууль, 9 тогтоолыг эцэслэн батлуулж, олон улсын 1 гэрээ хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн" гэж байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав.

Тухайлбал, Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Ерөнхийлөгчийнх нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, үйл ажиллагааг ил тод тодорхой болгох, өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг агуулгаар Төв банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд оруулсан нь эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болоход чухал түлхэц болно хэмээн үзэж байгаагаа тайлбарлав.



          
Холбоотой мэдээ