Х.Батбаяр:Таван шуудай шагайг унаж явсан жийп машинаараа сольж авч байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-12 11:13:59
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт таван хошуу мал, уул ус, нурууд, нуур цөөрөм, орон нутгийн Засаг захиргааны нэгжийг оролцуулсан, монгол ахуйд суурилсан, үндэсний хэмжээний хөлөгт тоглоом болох “Миний Архангай” тоглоомыг шагайн өв тээгч Хасбазарын Батбаяр зохиож, худалдаанд гаргалаа. Түүнтэй цөөн хором ярилцсанаа сийрүүлэн хүргэе.

-Сайн байна уу? Та. Сайхан өвөлжиж байна уу?
-Сайн. Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна аа. Миний дүүгийн ажил нь сайн уу?

-Сайн. Тантай Архангай нутгийн брэнд болгож байгаа тоглоомуудын талаар ярилцахаар ирлээ.
-За.


-“Миний Архангай” тоглоомоо зохиох болсон санаагаа хаанаас олов оо?

-Би Монгол орноор аялж, халхын хавтгай нутгийг гурав тойрсон хүн. Энэ аяллаас буусан санаа бол энэ тоглоом юм. Энэ сайхан баян Монгол орны уудам сайхан нутгийн энэ сайхан ахуйн соёлыг яаж авч үлдэх вэ, яаж олон хүнд түгээх вэ гэсэн бодол өвөрлөж ирсэн. Эндээсээ санаа авч бичсээр байгаад Монгол ахуйн соёл, Монголчуудын нүүдэллийн соёл, ахин давтагдашгүй энэ соёлыг харуулахаар зохиолоо бичиж 100 цуврал тоглоом болгон өнөөдөр тоглоомоо дэлгэн тавьж байна. Миний анхны тоглоом бол “Миний Архангай” гэдэг тоглоом. Энэ тоглоомд нутаг ус, Засаг захиргааны тухай өгүүлдэг.

-Энэ тоглоомоор хэдэн хүн, яаж тоглох юм бэ?
-Монгол ахуйд суурилсан тоглоом шүү дээ. Тийм учраас хамгийн түрүүнд эцэг малаар тоглож, нүүдэллэнэ. Нүүдэллэх зуураа эх малыг төлтэй нь хожих ёстой. 2-40 хүн тоглож болох үндэсний хэмжээний тоглоом юм. Тоглоомд мянган лан бодох, шатар даамны нүүдэллэх, түмэн сүргийн эзэн мал хожих гэх зэргийг танин мэдэхүй талаас нь харуулсан байгаа.

-“Миний Архангай” тоглоом нь хүүхэд болон том хүнд ямар мэдлэг өгөх вэ?
-Энэ тоглоом нь эв найрамдлын тоглоом. Олон хүн нийлээд тоглохоор яриа хөөрөө, таньж мэдэх, сонирхох юм гараад ирнэ. Дээрээс нь алтан, мөнгөн ембүү, эцэг мал, эх мал, төлийг хожоод ирэхээр баяжих бэлгэдэлтэй тоглоом гэж харж болно. Ер нь бол алаг мэлхийн тоглоомтой зүйрлэж бүтээсэн дээ.

-Хөлөгт, шагайн 100 цуврал тоглоомоо хэдэн бүлэгт хувааж байгаа вэ?

-Миний хувьд энэхүү цуврал 100 тоглоомоо уул нурууд, даваа гүвээ, Засаг захиргаа, нуур цөөрөм, зан үйл, үхэх амьдрах, эрдэнийн чулуу, удам судар, зүйр цэцэн үг гэх мэтээр 25 бүлэгт хуваасан. Миний анхны тоглоом Засаг захиргаагаар эхэлж байгаагийн учир нь  би 16 настай болоод иргэний үнэмлэхээ авахад иргэний бүртгэлийн нэг ажилтан бүх багуудын нэрийг мэдэхгүй учраас компьютер дээрээ зоосон байсан. Тэр цагаас эхлэн тоглоомоо хамгийн түрүүнд Засаг захиргааны нэгжээр хийхгүй бол мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн мэдэхгүй байхад бусад хүмүүс мэдэхгүй байх нь аргагүй юм байна гэдэг санаагаа нэн түрүүнд тавьж тоглоомоо зохиосон доо.

- Та тоглоомдоо оюуны өмчийн гэрчилгээг нь авсан байсан?
- Хүлэгт тоглоомын санаагаа 2015 онд биччихээд түрүүлээд оюуны өмчийн газраас гэрчилгээгээ авсан. Шагайн тоглоомын гэрчилгээгээ 2017 онд авсан. Шагайн тоглоомыг ч их судалсан. Ах нь Архангайдаа л хамгийн олон шагай цуглуулсан хүний тоонд магад орох байх. /инээв/



- Тиймүү? Одоо хэдэн шагайтай юм бэ?
- Би 50,000 гаруй шагайтай байна. Надад миний мэдээ орсон цагаасаа гартаа атгаад өнөөдрийг хүртэл тоглосон шагай маань л гэхэд 16,000 шагай байдаг. Ардын уламжлалт шагайн тоглоомыг дэлгэрүүлэх гэж 30,000 гаруй буюу 5 шуудай шагайг унаж явсан дунд гарын жийп машинаанаараа хүртэл сольж байлаа. Мөнгөөр тооцвол 6 сая орчим төгрөг юмдаа. Одоо энэ бүх шагайгаа тоглоомоор дамжуулан нийтийн хүртээл болгоно доо.

- Маш олон шагайтай юм байна аа. Тэр их шагайг яаж хадгалдаг вэ?
-Өвөг дээдэс маань олон зуун жил энгийн ахуйд хадгалаад ирсэн байна. Шагайг хамгийн найдвартай хадгалах арга бол тоглох юм.

- Өнөөдөр та 2-3 төрлийн тоглоом дэлгэж тавьсан байна. Тоглоомын түүхий эд, бэлтэцүүдэд юуг чухалчлахыг зорив оо?
- Хамгийн түрүүнд халуун цустай амьтны тостой шагай гэдэг бол ойгүй их илчлэг, эрдэстэй, маш баялаг эд. Дээрээс нь сайн цагт Монгол хүний сахиус байсан юм гэнэ билээ. Шагай бол няцардаггүй яс учраас хүн болгон шагайн сахиустай байсан юм гэсэн. Тийм учраас Монгол хүний ахуйн соёлын юугаар ч үнэлэшгүй үнэт зүйлсийг одооний хүмүүсийн гарт атгуулчихъя гэсэн зорилгоор шагайг тоглоомын гол бүрдэл болгосон. Би шагайн төрлийн 54 тоглоомыг дэлгэн тавьсан байгаа. Хөлөгт тоглоомыг айл болгон тоглож, хүн болгон хэрэглэх нь амидлаг харилцааг бий болгодог. Мөн Монгол хүний өөрт нь байх ёстой мөн чанарыг эзэмшиж чадна.



- Шагайн болон хөлөгт тоглоомуудын тайлбарыг нэлээн сайн хийж өгсөн байх тиймүү?
-Тиймээ. Ялангуяа шагайн тоглоомуудын тайлбарыг боловсролын байгууллагын сургалтын хэрэглэгдэхүүнд зориулж танин мэдэхүйн талаас нь дэлгэрэнгүй тайлбар бичсэн байгаа. Жишээ нь, цэцэрлэгийн бага насны хүүхдэд зориулсан “Азын арван тав” гэдэг тоглоом нь 15 шагайгаар 15 төрөл дээр тоглоно. Би цэцэрлэг дээр нь очиж зааж өгсөн байгаа. Харин хүүхэд савтай тоглоомыг гэртээ авч очоод аав ээжтэйгээ тоглоно. Буцаад хүүхэд аав ээжтэйгээ хэрхэн харилцаа үүсгэж тоглож байна гэдгийг багш нь шалгаж болдог амидлаг харилцааг чухалчилсан тоглоом байна. Сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулсан даамтай тоглоом бас бий. Шагайн даамыг намайг мэдээ ороход л тоглож байсан шүү дээ. Одоо бол БНХАУ-д үйлдвэрлэсэн шатар даамууд хэрэглэгдэж байгаа. Энэ хэрэглээг больж монгол ахуйгаа түшиглэсэн тоглоом наадгайгаар хүүхэд бүр тоглох цаг нь болсон гэж боддог. Миний шагайн дааманд 24 шагай байхад дахиад 24 өөр тоглоом тоглож болдог давуу талуудтай байгаагаараа онцлогтой юм.



-Таны өрсөн шатрыг харж байхад бог малын шагайгаас гадна өөр хэлбэртэй яснууд харагдаад байна?
-Хонинд битүү шөлний гайхамшигтай гурван яс байдаг. Борви, тойг, шагай гэсэн гурван бүтэн яс бий. Энэ гурван яс нь тамир тэнхээ, илчлэг чанараараа хүнд маш чухал ач холбогдолтой. Тийм учраас шатар, даамныхаа тоглоомд энэ гурван ясыг оруулж өгсөн дөө.

-Цаг гаргаж тоглоомуудынхаа тухай мэдээллийг өгч ярилцсанд баярлалаа.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ