Л.Раднаасүрэн: Үнийн савлагаа үүсэхээс сэргийлж АИ-92, А-80 шатахууны үнэ нэмснийг мэдэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-02-12 14:14:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч АИ-92, А-80 автобензины үнийг  30-60 төгрөгөөр нэмээд байгаа. Тэгвэл УУХҮЯ-ны ээлжит “Ил тод-уул уурхай” хэвлэлийн хурлаар сэтгүүлчид шатахууны асуудлыг чухалчилж хөндсөн юм.

Хоёрдугаар сарын эхээр Роснефть компанийн удирдлагуудтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар  уулзсан. Тэгвэл тус уулзалтын үр дүн хараахан гарах болоогүй. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд өрнөсний дараа тодорхой мэдээлэл өгнө. Роснефтийн талаас Монгол Улсад нааштай нөхцлүүд тавина гэсэн хүлээлт байна хэмээн салбарын сайд тодотгов.
 
АИ-92, А-80 автобензины үнийг барих үүднээс шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч импортлогчид үнэ нэмсэн шалтгааныг АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн ийнхүү тайлбарлав.

Тэрээр ярихдаа, Шатахууны компаниудад хуримтлагдсан алдагдлын 60 орчим хувийг онцгой албан татварын тэглэлтээс нөхсөн. Харин дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөнөөс үүдэлтэй литр тутмын хилийн үнэ нэмэгдэхээр байв. Тиймээс шатахууны компаниуд үнийн савлагаа үүсэхээс сэргийлж дээрх автобензиний үнийг 20-30 төгрөгөөр нэмснээ мэдэгдсэн” хэмээв.

Харин  салбарын сайд Д.Сумъяабазар, "Монгол Улс  стратегийн гол салбараа хувьд шилжүүлснээс болж хувийн компаниудын эрхшээлд байгаа нь нууц биш.  Шатахуун, мах, гурил бол Монгол Улсын стратегийн гол салбар юм. 2004 онд НИК-ийг хувьчилсан нь маш  буруу зүйл болсныг цаг хугацаа харуулж байна"хэмээн онцлов.

Мөн үеэр УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат, "Жижиглэнгээр борлуулах шатахууны үнийг тогтвортой барих бодлогыг салбарын яамнаас баримталж байна. Цаашид шатахууны нөөцийн хомсдолд орохгүй. Тасралтгүй өсч байсан газрын тосны үнэ  аажмаар саарч эхэллээ. Бас нэг таатай зүйл нь  ам.долларын ханш буурах төлөв байна. Энэ нь шатахууны үнийг тогтвортой байлгахад гол нөлөө үзүүлнэ” гэлээ.

АМГТГ-аас 2018 онд  улсын төсөвт 291,8 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм байна. Үүнээс  газрын тосны экспортын орлогоос 223,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.

Тодруулбал өнгөрсөн сард 21,9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 7,5 хувьтай гарсан байна. Газрын тосны экспортын орлогоос өнгөрөгч нэгдүгээр сард 19,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ сарын 5-ны байдлаар  ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байгааг албаныхан хэллээ.
Б.Заяа
Холбоотой мэдээ