12 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-21 14:53:41
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай энэ сарын 14-ний өдөр А/58 захирамж гаргажээ. Захирамжид өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах болон хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг уг захирамжаар хоригложээ.
Мөн унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байлыг хангаж, сургууль завсардуулахгүйгээр холбогдох хууль дүрмийг баримталж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.
Архангай аймагт “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Өлзийт суманд Алтанзуу бурхны их мөргөлд зориулсан дээд гурван насны хурдан морины уралдаан болох юм байна. Харин өөр ямар нэг хурдан морины уралдааны тов гараагүй байна. Аймгийн Морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга н.Отгонбатаас лавлахад “Дүнжингаравын уралдааны тов гараагүй учраас аймгийн морины уралдааны тов хүлээгдэж байна” гэв. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ