Дорнод аймагт энэ онд 3 тэрбум гаруй төгрөгийн ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-21 15:07:47
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 тэрбум гаруй төгрөгийн ажил хийнэ. Тухайлбал, орон нутгийн төсвийн 930 сая төгрөгөөр сумдын ЭМБ-уудыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгоход 22 сая төгрөг, аймгийн музейн хадгалалт хамгаалалт, дохиололт, сан хөмрөг нэмэгдүүлэхэд 14 сая, Багш хөгжлийн төвийг хоёроос доошгүй суманд байгуулах ажилд 20 сая, Булган, Чулуунхороот, Сэргэлэн, Хөлөнбуйр сумын ЗДТГ-ын болон орон нутгийн өмчит төрийн байгууллагууд, аймгийн ЗДТГ-ын автомашины парк шинэчлэлд 350 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Харин энэ жил авто замын сангийн хөрөнгөөр тус аймгийн төв дэх зам, арчлалт, гэрлэн дохио, хурд сааруулагч хийхэд 311 сая төгрөг зарцуулах юм. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 100 сая төгрөгөөр “Энх” зуслангаас Шаазан нуур хүртэл 8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил, Чойбалсан хот дахь явган хүний замыг нэмэгдүүлэхэд 80 сая төгрөг, Халхгол, Матад, Булган суманд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргахад 70 сая, аймгийн төв, хөдөө сумдад “Шинэ усан сан-4” төслийг үргэлжлүүлэхэд 50 сая төгрөг зэргээр 15 ажил төлөвлөсөн байна.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд нэг тэрбум орчим төгрөг төсөвлөжээ. Энэ хөрөнгөөр Хэрлэн голын эрэг дагуу тохижилт хамгаалалтын ажил, мөн эрэг дагуу шинэ усан байгуулах судалгааны ажил, Матад, Сэргэлэн суманд хөв цөөрөм шинээр байгуулах, Баян-Уул суманд 150 га, Баяндун 20 га, Цагаан-Овоо 20 га, Дашбалбар 10 га бүхий түймэрт шатсан, мод бэлтгэсэн талбайд ойжуулалт хийх, зэрлэг амьтдыг усаар хангах зорилгоор ус задгайлах ажил, уул уурхайн ашиглалт, хайгуулын улмаас эвдэрсэн газрын тооллогыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэрэг 32 ажил төлөвлөөд байна.    
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ