Завханы малчид ӨМӨЗО-ны арга туршлагаас судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-23 00:51:22

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг 24 сумын 115 багийнхаа малчдын санал хүсэлтэнд тулгуурлан  "Сайн малчин" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд малчид руугаа чиглэсэн олон шинэлэг ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тухайлбал "Ногоон алт" төсөлтэй хамтран 24 сумын баг бүрээс малчдыг оролцуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулахаас гадна мал аж ахуйн салбараа амжилттай хөгжүүлж байгаа Өвөрмонголын өөртөө засах орны малчдын арга туршлагаас судлах аяллыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялалд сум бүрээс санаачилгатай ажиллаж байгаа хоёроос доошгүй малчныг оролцуулах юм байна. Туршлага судлах аялалд оролцох малчид шинэ санаа авахаас гадна мал аж ахуйд хэрэгтэй тоног төхөөрөмж худалдан авч малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх аж.

Завхан аймагт өнөөдрийн байдлаар 16.8 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Үүнээс 30.6 хувь нь 16-34 насны залуучууд, 54.6 хувь нь 35-59 насны хүмүүс, 14.6 хувь нь тэтгэвэрийн насны хүмүүс байна. 

Б.Мягмарсүрэн

 


Холбоотой мэдээ