Өрх толгойлсон эхчүүдэд туслах хандивын аян эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-02-27 15:34:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-өөс олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүдэд дэмжлэг үзүүлэх хандивын аян эхлүүлж буйгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.

Тус хөдөлгөөний зохицуулагч Б.Жагар, “Өрх толгойлсон эхчүүд рүү чиглэсэн төрийн бодлого хангалтгүй байдгаас тэд нийгмийн хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байна. Тиймээс тэдэнд хоол хүнс, эд материалын дэмжлэг үзүүлэх аян эхлүүлж байна. Цаашид бид бага орлоготой иргэдэд нэг удаа тусламж үзүүлээд өнгөрөх биш тэдний эрхийг хамгаалах тал дээр анхаарч ажиллана” гэв. Харин "Улсаа аврах хөдөлгөө"-ний эмэгтэйчүүдийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Нэргүй аяны явцын тухайд, “Одоогийн байдлаар таван иргэн, “Язгууртны ёс уламжлал судлалын академи”, Цэнгэг спорт загасчлалын клубээс хүнсний бүтээгдэхүүний тусламж ирсэн. Эдгээр хандивын зүйлсийг баяраас өмнө эздэд нь хүргэнэ” гэв. 

Аяныг зохион байгуулагчдын зүгээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сайн санааны аянд хамтран оролцохыг уриалав.
Д.Сарантуяа
Холбоотой мэдээ