Чингис хаалганы дэргэдэх ШТС-ын газрын зөвшөөрлийг цуцалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-07 11:44:46
Хэнтий /МОНЦАМЭ/. Сууриа тавьсан цагаасаа эхлэн Хэнтийн иргэдийн бухимдлыг үүсгээд байсан Чингис хот руу орох  “Их Эзэн Чингис хааны өлгий нутаг” хүндэтгэлийн хаалганы дэргэдэх Шатахуун Түгээх Станцын газрын зөвшөөрлийг цуцалжээ.

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Хууль зөрчсөнийг таслан зогсоох” үүрэг чиглэл өгсний дагуу гуравдугаар дугаар сарын нэгний өдөр Мөрөн сумын Засаг даргын захирамжаар ийнхүү цуцалсан шийдвэр гарсан байна.

Тус газрын зөвшөөрлийг өмнөх удирдлагууд 2016 оны долдугаар сарын наймны өдөр “Ихэр наран” ХХК-д олгож, 2017 онд тус компани барилгын ажлыг эхлүүлснээр иргэдийн дунд бухимдал төрүүлсээр ирсэн юм.

Тиймээс аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу судалж үзэхэд тус компани нь газар эзэмших гэрээнд заасны дагуу улирал бүр төлөх ёстой зургаан удаагийн газрын төлбөрийг төлөөгүй байсан тул газрын эрхийн зөвшөөрлийг цуцалжээ.

Энэ захирамж гарснаар “Ихэр наран” ХХК-ийн газар эзэмших зөвшөөрөл дуусгавар болж, 90 хоногийн дотор газрыг чөлөөлөх ёстой болж байна.

Дашрамд дуулгахад одоогийн удирдлагууд нэг ч ШТС-ын газрын зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд цаашдаа ч бүтээн байгуулалт, түүхэн цогцолбор газрууд, иргэдэд амар тайван амьдрахад төвөг болохоор бүсэд зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурьтай байгаа хэмээн Хэнтий аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ