Төрүүлсэн үрээ хогийн саванд хаясан тохиолдол гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-07 12:04:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр 2016 онд улсын хэмжээнд найман хүүхэд, 2017 онд 11 хүүхэд хаягдсан гэсэн тоон мэдээлэл бий. Харин  он гарсаар эхний хоёр сарын байдлаар төрүүлсэн үрээ хогийн саванд, айлын хашаанд орхисон гэх  гурван тохиолдол бүртгэгджээ. 

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭХЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан эхийг эрэн сурвалжилж  илрүүлжээ. Тодруулбал, хүүхдийн ээж 22 настай А гэх эмэгтэй сэтгэцийн хувьд эрүүл саруул нэгэн бөгөөд эцэггүй хүүхэд өсгөж чадахгүй гэх шалтгаанаар хүүхдээ торонд хийгээд хаясан гэдгээ цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байдаг. Түүнд хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Харин хүүхэд нь эрүүл саруул байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгааг албаныхан мэдээллээ. Хоёр дахь тохиолдол нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байх айлын хашаанаас 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 3.400 грамм жинтэй, 53 см урттай эмэгтэй нярайн цогцос олдсон билээ. Гэвч өдийг хүртэл хүүхдийг айлын хашаанд орхисон цэвдэг сэтгэлт эхийг олоогүй аж. Хүүхдээ төрүүлээд хаясан эмэгтэйг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсээс одоо хүртэл эрэн сурвалжилж буй бөгөөд дээрх эмэгтэй нь жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад оролгүй явсаар эмнэлгийн бус орчинд төрсөн байх магадлалтай гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Гурав дахь тохиолдол нь 
 энэ сарын 2-нд нийслэлд бүртгэгдсэн байна.  Баянгол дүүргийн 20 дугаар хороонд явж байсан иргэн өглөө 11 цагийн орчимд дулааны шугамын засварт цэнхэр хадганд боолттой зүйл байгааг харжээ. Улмаар лавшруулан харахад хадганд ороосон, дөнгөж төрсөн нярай хүүхдийг цогцос байсан аж. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр эхийг нь хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ