Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-12 11:52:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газар өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 11-нд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23 мянга 460 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3.3 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг тус газрын дарга, хурандаа Д.Ядамдорж танилцуулав. Тэрбээр, "Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, цаг хэтрүүлж ажилладаг цахим тоглоомын газар, дэн болон зочид буудал, гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг иргэдэд хяналт тавих зорилгоор “Эмзэг цэг-хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээ явууллаа. Дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 09 хүртэл давхардсан тоогоор 3158 аж ахуйн нэгж, 1356 иргэнийг шалгаж, 92 зөрчил илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авсан" гэлээ.

Харин “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2472 дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд үүнээс эд материалын хохиролтой 870 ослыг даатгалын байгууллагаар шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан гэдгийг Замын хөдөлгөөнийг зохицуулах газраас мэдээлэв.

НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 07-09 хэм хүйтэн, өдөртөө тэгээс +02 хэм дулаан байх урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 78 дуудлагыг хүлээн авч, Гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 2 иргэнийг аварч, 184 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 07-ноос агануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр зэрэг нийслэлийн 8 байршилд 108 ажилтан, албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт хийн ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 230 ШТС үйл ажиллагаа явуулдаг бөгөөд НМХГ-аас 2017 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, шинээр баригдсан 25 ШТС-д хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтаар “Петростар”, “Горгаз”, “Содмонгол групп”, “Тэс петролиум”, “Петровис”, “М-ойл групп”, “Юнигаз”, “Синчи ойл”, “Дашваанжил”, “Ойн бирж” компанийн 6 ШТС, 4 Автомашин хийгээр цэнэглэх станц зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байсныг илрүүлсэн байна. Зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН-үүдэд нийт нийт 9 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэх, малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх пост, товчоодын талаарх дүүргийн Засаг дарга нараас гаргасан саналыг нэгтгэн яаралтай арга хэмжээ авах тухай санал боловсруулах шаардлагатай" хэмээв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ