Монгол-Энэтхэг улс цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-13 13:36:34
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлалыг энэ сарын 7-10-ны өдрүүдэд хийлээ.

Батлан хамгаалахын сайдыг дагалдан БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г. Сайханбаяр, ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар ажиллав. Хоёр орны Батлан хамгаалах яамд харилцан айлчлал хийх, мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хамтран ажиллах, энхийг дэмжих болон терроризмтэй тэмцэх хамтарсан сургууль, дадлага зохион байгуулах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна. Албан ёсны уулзалт, ярилцлагууд эхлэхийн өмнө буюу гуравдугаар сарын 08-ны өдөр БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотын төвийн 'Энэтхэгийн хаалга"-ны дэлхийн I дайнд амь үрэгдсэн 130 гаруй мянган цэргийн алба хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөв.

Уг арга хэмжээний дараа айлчлалын бүрэлдэхүүн тус улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирсэн ба Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг БНЭУ-ын Төрийн хүндэт харуул жагсан, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ угтан авлаа. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал, БНЭУ-ын Армийн Штабын дарга, генерал Бипин Рават нартай албан ёсны уулзалт зохион байгуулж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан тохиролцлоо. Түүнчлэн саяхан байгуулагдаад байгаа БНЭУ-ын парламент дахь Монгол Улс, БНЭУ-ын парламентын найрамдлын бүлгийн зарим гишүүнтэй уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах боломжийн тухай санал солилцсон.

Мөн Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ тэргүүтэй Батлан хамгаалах яам, тус улсын Армийн командлалын холбогдох бүрэлдэхүүнтэй хоёр орны батлан хамгаалах харилцааны талаар харилцан санал солилцож, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд тэр дундаа тусгай хүчний ангиудын хамтарсан сургууль дадлага жил бүр явагддаг. Айлчлалын хүрээнд ч Агра хот дахь БНЭУ-ын Зэвсэгт хүчний Шүхэр десантын 50 дугаар бригад, тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежид айлчилж үйл ажиллагаатай танилцсан. Тус бригад нь 75 жилийн түүхтэй ажээ.

Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр \'Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Монголын Улсын Батлан хамгаалах яаманд кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг\'-т талууд гарын үсэг зурсан нь 2001 оноос эхтэй Монгол Улс, БНЭУ-ын батлан хамгаалах салбарын харилцааг дээшлүүлэхэд чухал алхам болсон юм. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг ханган нягт хамтран ажиллаж энэхүү сургалтын төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэхэд хамтран ажиллахаа талууд илэрхийлэв. Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар БНЭУ-ын батлан хамгаалах коллеж, сургууль, сургалт дамжаануудад суралцаж цэргийн хэргийн мэдлэг, боловсролоо дээшлүүлж ирсэн уламжлалтай. Цаашид цэргийн алба хаагчдыг үргэлжүүлэн сургах, сургалтын нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалласан сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах асуудал айлчлалын үеэр яригдсан чухал асуудлын нэг байв. БНЭУ-ын Зэвсэгт хүчний сургалт, дамжаанд суралцсан цэргийн алба хаагчид дараагийн шатны сургалтад хамрагдах боломжгүй байдаг. Учир нь Энэтхэгийн тал нэг алба хаагч нэг удаа тус улсын сургалтад хамрагддаг ба сургалтыг өргөн хүрээнд олон хүнийг хамруулж, олон хүн сургах бодлого баримталдаг байна. Гэхдээ Энэтхэг улсын Батлан хамгаалах салбарын удирдлагууд Монгол Улсын Зэвсэгт хүчний шат дараалласан сургалтаар бүрэлдэхүүнийг сургаж, дадлагажуулах нь илүү ач холбогдол, үр дүнтэй байдаг сургалтын онцлог, бодлогыг харгалзан үзэж баримталж буй бодлогодоо өөрчлөлт оруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрийлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах сургууль, БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалах коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх, цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцов.

Монгол Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг \'Khaan Quest\' энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцдог ба БНЭУ-ын зүгээс тус сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд цаашдын оролцоогоо хадгалах, өсөн нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал харилцан тохиролцлоо гэж БХЯ-наас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ