"Дөл" тэмцээнд 14 баг оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-13 15:02:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтан Баянхонгор аймгийн Цэргийн штабаас аймгийн аварга шалгаруулах Цэрэг–спортын “Дөл - 2018” цогцолбор тэмцээнийг зохион явуулж байна.
Тэмцээний нээлт өнөөдөр болж, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн хэлсэн үгэндээ, "Бие болоод сэтгэл зүйн зөв хөгжил, төлөвшил олгох "Дөл" тэмцээнд өнгөрсөн жил Хонгор нутгаас оролцсон хүүхэд залуус аймгийнхаа нэрийг улсдаа гаргаж бахархам амжилтыг 21 жилийн дараа нутагтаа авч ирж чадсан. Эх оронч үзэл төлөвшилд ийм багаасаа суралцаж, хүмүүжиж буй хүүхэд залуустаа халуун баяр хүргэе" хэмээв.
Энэ удаагийн тэмцээнд аймгийн төвийн болон сумдын сургуулиудаас 14 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа бөгөөд тэмцээн хоёр өдрийн турш явагдаж дүнгээ гаргах юм.
Баянхонгор аймгийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, харилцан ажиллагаатай байгууллага, ААН, Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор энэ сарын 18-ныг хүртэл олон арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ