Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн нь хоёр улсын харилцаанд хүндээр тусч магадгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРӨчигдөр Сирийн цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг Туркийн Агаарын цэргийн хүчнийхэн устгасан билээ.
Туркийн тал Оросын сөнөөгч нисгэгчид тус улсын агаарын хилийг нэвтэрсэн тухай 10 удаа сануулга өгсөн гэж албан ёсоор мэдэгдээд байгаа, харин Оросын тал Сирийн нутаг дээгүүр нисч явсан, Туркийн хил руу ороогүй гэсэн байр суурьтай байгаа юм. Түүнээс гадна осолдсон Су-24 онгоцны эрэлд Оросын хоёр Ми-8 нисдэг тэрэг явсаны нэг нь тулалдааны явцад эвдэрсний улмаас дундын бүсэд гарцаагүй буулт хийсэн болон тэнгисийн явган цэргийн гэрээт цэргийн албан хаагч нэгэн байлдагч амь үрэгдсэн тухай өнөөдөр оросын ХМХ-үүд уламжилжээ.
Дээрх нөхцөл байдлын улмаас Орос, Туркийн харилцаа хямралд ороод буй юм. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, “Оросын онгоцтой холбоотой энэхүү сөргөлдөөн Орос-Туркийн харилцаанд таагүй нөлөө үзүүлэх болно ” гэжээ. Оросын төрийн тэргүүн мэдэгдэлдээ Анкаратай эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдийг цуцлах тухай тодорхой яриагүй ч гэлээ, хоёр орны хамтарсан төслүүдийг сайн сайхан хүлээж байгаа гэдэгт эргэлзээ төрж байна гэж “Коммерсант” сонины өнөөдрийн дугаарт дурджээ.
Орос, Туркийн харилцааны хямрал хоёр орны хамтарсан бизнес төслүүдэд нөлөөлөх нь дамжиггүй юм гэж Оросын өндөр албан тушаалтнууд үзэж байна. Үүнд өмнө Анкаратай туйлын бэрхшээлтэй явагдсан ”Өмнөд урсгал” хийн хоолойн тухай яриа хэлэлцээрүүд золиос болж магадгүй хэмээн тус сонинд уламжилжээ. Оросын “Росатом”-ын Турк улсад барьж байгуулах Атомын цахилгаан станц асуудалтай болж магадгүй юм уу, аль эсвэл хар тэнгисийн хоолойгоор дамжин өнгөрөх оросын хөлөг онгоцуудад хүндрэл гарч магадгүй ажээ. Ингэхдээ олон улсын хэлэлцээрийн дагуу Анкаратай дайтсан тохиолдолд л дээрх транзитыг зогсоох ёстой аж. Ер нь бол Турк улс Оросын хийн нийлүүлэлтээс хүчтэй хараат. Туркийн хийн хэрэглээний 60 хувийг Орос нийлүүлдэг. Гэхдээ эх сурвалжууд үүнийг Оросууд даралт шахалтын нэг хэрэгсэл болгон шууд хэрэглэнэ гэдэгт эргэлзэж байгаа юм.
Москва хот. А.Огторгуймаа