Элчин сайд Ахмет Язал: Тэтгэлэгт тэнцүүлэх оюутны хувьд тооны хязгаар тавихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2018-03-16 18:14:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 14-ний өдрүүдэд болохтой холбогдуулж тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас өнөөдөр Элчин сайдын өргөөндөө “Турк Улсын Боловсролын өдөрлөг- 2018” арга хэмжээг зохион байгууллаа.

БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Та бүхэн Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж дэлхийн өнцөг булан бүрээс элсүүлж буй 100 мянга гаруй тэтгэлэгт оюутнуудын нэг болно гэдэгт найдаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Турк Улсад 1200 орчим оюутан суралцаж төгссөн байдаг. Тэдний сурч төгссөн замнал та нарынхаас өөр байгаагүй юм. Тэгэхдээ та бүхэн бүртгэлийн явцад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Гол нь бүртгэлээ бие дааж хийх хэрэгтэй. Мөн өөрөөрөө байх шаардлагатай. Тэтгэлэгт тэнцүүлэх оюутны хувьд тооны ямар нэг хязгаар тавихгүй” гэв. Түүнчлэн тэрбээр тус хөтөлбөрийн бүртгэлтэй холбогдуулан “Тэтгэлэгт тэнцүүлнэ, бүртгэл хийнэ” гэх мэт ашгийн төлөөх хувь хүн, албан байгууллагуудын ташаа мэдээлэлд автахгүй байхыг зөвлөлөө.
 
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи энэ үеэр Монгол орны ирээдүй болсон хүүхэд залуустай нүүр тулан уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийхдээ зөвхөн өөрөө бие дааж хийх хэрэгтэй. Өнгөрсөн жил нийслэлийн нэг сургуулиас тэтгэлэгт хөтөлбөрт ганц хүүхэд элсэн орсон. Энэ нь боловсролын зууч байгууллагын “Тэтгэлэгт тэнцүүлж өгнө” гэсэн хуурамч амлалтад автаж бүртгэлээ хийлгэснээр хүсэлт нь амжилтгүй болж байсан. Иймд нэг компьютер дээр буюу тодруулбал өөрийн эзэмшлийн компьютер дээр бүртгэлээ хийх шаардлагатай болохыг анхааруулав.

Тэтгэлгийн бүртгэлийг зуучлан хийх итгэмжлэгдсэн байгууллага болон хувь хүн огт байхгүй. Бүртгүүлэхийг хүссэн иргэд www.turkiyeburslari.gov.tr цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэх бөгөөд тэтгэлгийн бүртгэл үнэ төлбөргүй. Бакалаврын түвшинд 21-ээс дээш насны иргэд бүртгүүлэх боломжгүй болохыг зохион байгуулагчид оролцогчдод хандаж хэллээ.
Б.Туул
 
Холбоотой мэдээ