Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт байгаа ажлын байр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-03-18 15:03:18
 Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ
                                                                                   Их зохиолч Дашдоржийн НАЦАГДОРЖ
ОХУ-д манай улс 1925 оноос оюутан олноор нь  суралцуулж эхэлсэн юм билээ. Энэ талаар ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров “ Гэгээрлийн сайд Эрдэнэбат хаан монголын залуучуудыг европ руу суралцуулахаар явуулжээ. Тэнд нөгөө л Д. Нацагдорж Намхайцэрэн, Намдаг, Наваан-Юүндэн, Пагамдулам, Намнандорж бүгд байна. Монголын утга зохиол, соёл урлаг, эрүүлмэнд, боловсрол, Шинжлэх ухаан тэдний нуруун дээр босож ирээд зуун жил болох нь ээ” гэж хэлсэн байдаг.
Тэд үнэхээр хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөн иржээ. Шинэ монголын анхны сэхээтнүүд бол тэд. Тухайн цаг үе ороо бусгаа, үймээн самуунтай байсан, алдаа завхарал гарсан нь үнэн. Гэхдээ тэд тэр бүхний завсар зайгаар амь насаа золин байж  монголд соёлын үрийг тарьсан гэдгийг өнөөдөр хэн ч үгүүсгэхгүй. Энэ бол өнгөрсөн зууны 20-30 оны хооронд болсон үйл явдал. Тэрхүү үйл явдлын алтан хэлхээ тасраагүй гэдгийг гэрчилж ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров онцлон хэлж байгаа нь энэ биз ээ.

Нийгмийн салбарынхан ахмадуудынхаа талаар байр сууриа ингэж илэрхийлж байхад, уул уурхайхан ЗХУ задрахаасаа өмнө 40 мянган инженер Монгол улсад бэлтгэж өгсөн юм.  Одоо тэдний нуруун дээх уул уурхай явж байгаа гэж хэлж нөхдөөрөө, өөрөөрөө бахархадаг хижээлдүү насны  инженер байх юм билээ. Эдгээр нь болсон үйл явдал, бодит тоо баримт юм. Тэдний  бүтээж бий болгосны үр шимийг өнөөгийнхөн болоод ирээдүйхэн хүртнэ гэж хэлж болно.

Харин 21 дүгээр зуун гараад 20 жил болох гэж байна бид юу хийв. Хийгээгүй биш хийсэн. Гэхдээ үр дүн хараахан гарч өгөхгүй байна. Залуучууд өнгөрсөн зууны нэгэн адил алсыг зорьсон байх юм. Гэхдээ тэднээс ялгаатай нь амьдралаа дээшлүүлэх гэж харийн нутгийг зорьлоо. Ийм хүмүүсийн очих газар нь БНСУ, тэнд албан бусаар 40 мянган монгол хүн ажил хийж байна. Тус улсыг манай улсын өрхүүдийн  амьдралынх нь салашгүй нэг хэсэг нь болжээ гэж хэлэхэд хилс үг болохгүй болов уу.

Тус улсын хөдөлмөрийн яамнаас 2018 онд 18-39 насны солонгос хэлний мэдлэгтэй гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх мэт баахан шалгуур заагаад ажиллах хүч авна гээд 1500  квот өглөө. Энэ хүрээнд аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд гурав хоног бүртгэл хийлээ. Тэрхүү шалгуур үзүүлэлтэд өөрийгөө тохироно, тэнцэнэ гэж үзсэн иргэд зарласан газарт хонон өнжин хүлээж байгаад 8000 хүн бүртгүүлжээ.

Хилийн чандаас ирсэн квот хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн хүний тоо хоёр хоорондоо маш их зөрүүтэй харагдаж байна. Бүртгүүлэгсэд одоо эрүүл мэндийн үзлэгт орно,  хэлний шалгалт өгнө. Тэнцсэн тохиолдолд  тус улсын хөдөлмөрийн бирж дээр ажиллах хүчнээр нэрээ байршуулна. Тэндээс солонгосын ажил олгогчид сонголт хийнэ. Энэ бүхнийг даван туулсны эцэст бүртгүүлсэн 6 хүн тутмаас хамгийн азтай нэг нь тус улсыг зорино. Бусад нь эх нутагтаа бидний нэгэн адил үлдэнэ. Тэд эх нутгаасаа БНСУ-д  ажиллах хүчнээр илгээгдсэнээр тэнд  ажиллаж амьдарч байгаа 40 мянган хүний тоог  1500-гаар нэмнэ.

2017 оны хувьд тус улсаас манай улсад 1100 квот өгч,  15926 хүн бүртгүүлж байсан байна. Үүнээс эрүүл мэндийн үзлэг, хэлний шалгалт, визний зөвшөөрөл зэрэг шалгууруудыг даван  944 монгол иргэн тус орныг зорьжээ.Бүртгүүлсэн хүн тус бүрээс 2018 онд 24 ам долларын хураамж хураажээ. Мөн визинд орохдоо  60 ам долларын төлбөр төлнө. Харин эмнэлгийн үзлэг шинжилгээ, явхын өмнөх сургалт, илгээгч байгууллагын үйлчилгээний зардал, хувцас жигдлэлт гээд тус бүрт нь үнийг нь гаргасан байна.

Хоёр зууны эхэнд харийн орныг олноороо зорьсон манай залуусын олж мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл хүлээлт ижилхэн байсан байх аа. Харин өгөөж нь өөр өөр байна гэж хэлэх гэсэн юм. 20 дугаар зууны эхэнд монголчууд үйлдвэржээгүй байсан учир нийгмийн салбар ардыг эрүүлжүүлэх, боловсролтой болгох, соёл урлаг, утга зохиол оо хөгжүүлэх талыг түлхүү барьж залуусыг хийлийн дээс алхуулж байсан байна. Нэг үгээр хэлбэл тэднийг хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм сураад ир гэж явуулж байсан байна.

Харин энэ зууны эхэнд манай монголчууд амьдарлаа дээшлүүлэх гэж амжиргаа хөөж хилийн дээс их алхаж байгаа бололтой. Хилийн дээс алхан техник ,технолги өндөр хөгжсөн оронд хөл тавьж байгаагаараа урьд нь эрдэм номын мөр хөөж явсан ахмад үеийнхэнтэйгээ яг ижил шинэ зүйлийн араас явсан гэж ойлгож төр дэмжихэд алдахгүй байсан болов уу.

Монголд үйдвэржилт тэр дундаа жижиг дунд үйлвэр хөгжүүлнэ гэдэг үүднээс тодорхой  салбар, чиглэл өгч, очсон  үйлдвэртэй нь холбоо тогтоож хамтран ажиллах анхны ахмыг нь тавьж чадсан бол тэнд ажиллаж монголчуудаас  техник технологи чирээд ирэх хүн гарахгүй байсан гэж үү?

Төрөөс одоо ийм бодлого барихад оройтохгүй. Аливаа зүйлийг огт хийхгүй байснаас оройтсон ч эхлүүлэх нь чухал гэж ухаантнууд сургасан байдаг. Эрдмийн мөр хөөсөн ахмад үеийнхэн, амжиргааны мөр хөөсөн манай үеийнх бүгд л монголын  төлөө хийж байгаа сайн үйлс шүү дээ. Солонгосын засгвараар ижиг дунд үйлдвэр хөгжүүлэхийн тулд тийш нь жилд1500 биш 15 мянган хүн явуулах хэрэгтэй байж болох юм.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт байгаа ажлын байр аа гэж ...
                                                                                                                                                           Г. Эрдэнэбат
 

Холбоотой мэдээ