Ш.Абэгийн засгийн газарт үзүүлэх дэмжлэг ихээхэн буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-19 16:34:59
ТОКИО. /ТАСС/. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн засгийн газарт үзүүлэх дэмжлэг 2012 оноос хойш буюу Ш.Абэг тус улсын сайд нарын танхимын тэргүүн болсноос хойшхи хугацаанд хамгийн доод түвшинд хүрснийг “The Asahi Shimbun” сонины явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Өнгөрсөн сард Ш.Абэгийн засгийн газарт үзүүлэх дэмжлэг 13 хувиар буурч, 31 хувьд хүрсэн байна. Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байдлын түвшин 11 хувиар өсч, 48 хувьд хүрчээ.
 
“Японы сангийн яамны хуурамч бичиг баримттай холбоотой дуулиан шуугиан нь Ш.Абэгийн засгийн газарт өгөх үнэлгээ огцом буурч байгаагийн гол шалтгаан болжээ” хэмээн тус сонин мэдээлсэн байна.
 
Японы парламентад өргөн барьсан улсын өмчит газрыг хэт хямд үнээр худалдсан хэлэлцээртэй холбоотой 14 баримт бичгийг хуурамчаар үйлдсэнээ Японы Сангийн яам сөрөг хүчнийхэн болон хэвлэлийнхний шахалтаар энэ сарын 12-нд хүлээн зөвшөөрсөн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ