Улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил “Завханы улаан хальст сармис” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 6 га орчимд улаан хальст сармисыг тариалах төлөвлөгөөтэй байгаа ба сармисны үр авах тариаланчдын хүсэлтийг авч эхэлжээ.
Одоогийн байдлаар 40 гаруй иргэн, ААН сармис тариалах хүсэлтээ аймгийн ХХААГ-т ирүүлжээ. Өнгөрсөн жил Улиастай, Алдархаан сумдын тариаланчидтай “Улаан хальст сармисны үр үржүүлэх” гэрээ байгуулан ажиллаж 5,3 га талбайд улаан хальст сармис тариалснаар 18.7 тн ургац хураан авчээ. Тиймээс энэ жил улаан хальст сармисыг өнгөрсөн жилийн га-аас илүү газар тариалах төлөвлөгөөтэй байгаа.
Түүнчлэн улаан хальст сармис тариалдаг тариаланчдын тоог нэмэх, га-аас авах ургацыг нэмэгдүүлэх, улаан хальст сармисны үнийг тогтвортой байлгах олон талын ажлыг дэмжиж тариаланчидтай хамтран ажиллана хэмээн мэдээлэв.
Дашрамд улаан хальст сармисны эрэлт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд үнийн хувьд жил бүр тогтворгүй үнэ нэмэгдэх, олдоц ховор байдаг байна. Улаан хальст сармис намар эрт нэг кг нь 50000 орчим үнэтэй зарагддаг ба өвлийн улиралд нэг кг нь 70000 орчим төгрөг хүрдэг байна.
Б.Мягмарсүрэн