МҮХАҮТ-ын Хэнтий аймаг дахь салбар зөвлөл бүсдээ тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-20 15:15:32
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим Зүүн бүсийн шилдэг салбар зөвлөлөөр шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 

Улаанбаатар хотноо Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын салбар танхимууд тайлангийн хурал хийж, 2017 оны ажлаа таван бүсээр дүгнэн, шилдгүүдээ шалгаруулсан юм. Мөн хурлын үеэр 21 аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнгээс шалгарсан брэнд бүтээгдэхүүнүүд Emart сүлжээ дэлгүүрээр нийслэлийн хэрэглэгчдэд хүрэх ажээ.

Хэнтий аймгаас “Мөрөн хүнс” ХХК-ийн үйлдвэрлэсэн гурван төрлийн хатаасан борц, Дадал сумын үйлдвэрлэгч Б.Оюунтуяагийн хоёр төрлийн цөцгий, “Өндөрхааны  хүлэг” хоршооны чулуугаар хийсэн бэлэг дурсгалын зүйлийг цаашид  тус сүлжээгээр худалдаалах гэрээ хэлэлцээр хийхээр болжээ.

МҮХАҮТ нь 21 аймаг дахь салбар танхимуудаар дамжуулан бизнесийг дэмжих, өмгөөлөх, чиглүүлэх үйл ажиллагаа явуулдаг. МҮХАҮТ-аас 2018 оныг “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарлаж, бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, урамшуулах зэрэг стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ