Ө.Энхтүвшин: Наадам хүртэл хурдан морины уралдаан зохиохыг хориглох шийдвэр боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-20 18:54:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулж өнөөдөр морин уралдааныг зохион байгуулсан, хянаж шалгасан бүх талыг оролцуулан уулзалт хийлээ. 
 
Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг гаргах зорилгоор морин уралдааныг зохион байгуулсан, хянаж шалгасан бүх талыг оролцуулан уулзалт хийх санаачилгыг Шадар сайд Ө.Энхтүвшин гаргажээ. Уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нар оролцлоо.

Шадар сайд Ө.Энхтүвшин талуудын мэдээллийг сонсоод “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хамгийн чухал. ММСУХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, хуваарь гараагүй үед дур мэдэн бүсийн уралдаан явуулахдаа Засгийн газрын тогтоолыг зөрчин уралдаанч хүүхдийн эрхэнд шууд халдаж, алдаа дутагдалтай зохион байгуулсан нь тодорхой болж байна. Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины аливаа уралдааныг хориглох, цаашлаад өвөл, хаврын морин уралдаан явуулдгийг бүрмөсөн хориглох шийдвэр боловсруулж Засгийн газрын хуралдаанд өргөн барих бодолтой байна” хэмээн мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд тэрбээр морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил болон хүүхдүүдэд учирсан хохиролд буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас саналыг нь яаралтай ирүүлэхийг үүрэг болголоо. Мөн “Морин уралдаан Монголын үндэсний соёл уламжлалын үнэт өв мөн бөгөөд орчин цагт үнэ цэнийг нь өсгөх, үндэсний бахархалт цэнгэл болгон үе хойчдоо өвлүүлэхийн тулд юуны өмнө уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай” гээд Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд Наадам зохион байгуулахад хүүхдийн төлөө байгууллагуудыг заавал оролцуулж байхыг чухалчилж буйгаа мэдэгдэв. 
Н.Туяа
Холбоотой мэдээ