Япон Улсын элчин сайд боловсролын салбарт хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-22 14:36:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн урилгаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Япон Улсын Элчин сайдын яамны “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан  мэргэжилтэн Фүкүй Ёоко, Ж.Эрдэнэ-Очир нар өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
Зочдыг аймгийн Засаг дарга С.Гансэлэм хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга С.Гансэлэм орон нутгийн товч танилцуулгыг хийж, 2018 он болоод цаашид хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэж, улмаар Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг болон 4 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа болон орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажлуудын явцыг газар дээр нь очиж танилцуулав.
Элчин сайд М.Такаока “Говь-Алтай аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Энэхүү айлчиллын үр дүнд бидний хамтын ажиллагаа улам батжина гэдэгт итгэлтэй” байна хэмээв.
Энэ үеэр Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, их засварын ажилд 86,5 мянган доллар буюу 210 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Элчин сайд М.Такаока, Засаг дарга С.Гансэлэм нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Мөн орон нутгийн удирдлагуудын зүгээс Япон Улсын засгийн газар, Элчин сайдын яаманд аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, Япон улсын хот, мужуудтай шефийн харилцаа тогтоох, төрийн алба хаагчдыг гадаад оронд сургах, хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг дэмжих саналуудыг тавьж, харилцан санал солилцлоо.
Япон Улсын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь Говь-Алтай аймагт 1999 оноос хэрэгжиж эхэлсэнээр тус улстай хамтран ажиллах болсон байдаг. Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 19 барилга байгууламжид 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал боловсролын салбарт есөн удаа, усан хангамжийг сайжруулах болон эрүүл мэндийн салбарт долоон удаа хөрөнгө оруулалт хийсэн байна.
Э.Нарангэрэл
 

Холбоотой мэдээ