Сүрьеэгийн тархалтыг 2035 оноос өмнө 95 хувь хүртэл бууруулах зорилтыг тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2018-03-23 17:33:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш тохиох Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг Монгол Улс “Манлайлагчдыг хайж байна. Та ч байж болно” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Сүрьеэ нь халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт ордог бөгөөд манай улсад жилд дунджаар 4000 тохиолдол шинээр бүртгэгддэг байна. 

Өнгөрсөн онд сүрьеэ өвчний 3779 шинэ тохиолдол бүртгэгдснээс 2211 буюу 58.5 хувь нь Улаанбаатар хотод, 1518 буюу 40.2 хувь нь аймаг орон нутагт, 1.3 хувь нь хорих байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн манай улс нь Номхон далайн баруун эргийн бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй орнуудын дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. 

Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Б.Цацралт-Од “2035 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 95 хувь хүртэл бууруулах зорилтыг тавьсан. Уг зорилтод хүрэхийн тулд дан ганц эрүүл мэндийн салбарынхан оролцох биш, бүх шатны шийдвэр гаргагчид, хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Сүүлийн жилүүдэд уг өвчнийг эрт илрүүлэхэд анхаарлаа хандуулж оношлох болон эмэнд тэсвэржилтийг илрүүлэх орчин үеийн дэвшилтэт шинжилгээ болох Xpert/MTB/Rif технологийг ХӨСҮТ, Сонгинохайрхан дүүрэг, Хорих 429 анги, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Архангай, Дорноговь, Хөвсгөл, Сүхбаатар аймагт нэврүүлсэн. Цаашид энэ хүрээг улам өргөжүүлэхээр ажиллаж байна. Эмчилгээний хувьд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг богиносгох зорилгоор олон улсын хамтарсан “Стрим” судалгааг хийж, 24 сар эмчлэх хугацааг 9 сар болгох боломжтой болсон. Мөн Монгол-Солонгосын хамтарсан төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эмзэг бүлгийн хүн ам, оюутнуудын дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх ажлыг явуулж байна” гэв.

Сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт ордог бөгөөд өвчлөгсдийн тоог бууруулахад ард иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт, сурталчилгааг зохион байгуулж олон арга хэмжээг авч ажиллах, мөн тус өвчин бүрэн эдгэх боломжтой учраас сүрьеэгээр өвчилсөн хэн нэгнийг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгаж, эмчилгээ хийлгэх орчинг бүрдүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Д.Сарантуяа
Холбоотой мэдээ