Ким-Трамп: Тов нь тодорхойгүй уулзалт ба түүний үр дүнтэй болох магадлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-03-26 12:16:39
Хэдхэн сарын өмнө бие биенийгээ газрын хөрснөөс арчина хэмээн заналхийлж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар 5 дугаар сар гарахаас өмнө уулзаж, хоёр орны харилцааг хэвийн болгох, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар ярилцахаар тохиролцсон нь дэлхий дахиныг гайхшруулсан, гэнэтийн содон үйл явдал байлаа.

Хэрвээ энэ удаад хоёр удирдагч үнэхээр уулзах аваас түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал болно гэдэг нь тодорхой. Учир нь, АНУ болон БНАСАУ-ын удирдагчид анх удаагаа нүүр тулан уулзах гэж байна. Өмнө нь төрийн тэргүүний албаа өгсөн Америкийн ерөнхийлөгч нар Пхеньянд очиж байсан удаа бий. Ж.Хопкинсын их сургуулийн судлаач Майкл Маддены үзэж байгаагаар бол, Ким-Трампын уулзалт нь 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсон Хятадад айлчилж, Мао Зэдунтай уулзаж байсантай дүйцэхүйц чухал үйл явдал болох ажээ.
 
Харин энэхүү “түүхэн уулзалт” яг хэзээ, хаана болох вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тун бүрхэг байна. Гадаадын хэвлэлүүдэд уулзалт болж магадгүй газрууд гэдэгт Финланд, Швед, Швейцарь, Монгол, Хятадын нийслэл Бээжин хот, Оросын Владивосток, Умард Солонгосын нийслэл Пхеньян, хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүс дэх Панмүнжон тосгон зэрэг улс орон, хотуудыг оруулан нэрлэж байгаа юм.
 
Энэ мэт олон хувилбар байгаа боловч Шведэд болох магадлал хамгийн өндөр гэж үзэж буй ажиглагчид олон байна. Учир нь, энэ сарын 15-16-нд Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Шведийн нийслэл Стокгольм хотод очихдоо Ким-Трампын уулзалт болох газар, товын талаар ярилцсан байж тун магадгүй юм. Харин Шведийн ГХЯ-ны хэвлэлийн алба “хоёр улсын сайд нарын уулзалтын үеэр Швед улсын гүйцэтгэж буй консулын үүрэг болон Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлыг хөндөн ярилцсан” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.  


 
Швед бол Пхеньянд элчин сайдын яамтай цөөхөн хэдэн улсуудын нэг бөгөөд барууны орнууд болон БНАСАУ-ын хооронд зуучлах үүрэг гүйцэтгэж, АНУ болон бусад зарим орны эрх ашгийг Умард Солонгост төлөөлдөг байна. Нөгөөтэйгүүр, Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлыг хөндөн ярилцсан нь Швед улс 2017-2018 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний үүргийг гүйцэтгэж байгаатай холбоотой.
 
Гэхдээ Шведэд уулзалтыг зохион байгуулахад учрах нэг том хүндрэл бий. Учир нь, Пхеньянаас Стокгольм хүртэл 7200 гаруй км зайтай бөгөөд онгоцоор 9 цаг гаруй нисч хүрнэ. Гэтэл Ким Жөн Ун төрийн тэргүүн болсноосоо хойш гадаад руу ганц ч удаа яваагүй учраас түүний айлчлалыг богино хугацаанд зохион байгуулна гэдэг бол маш хүндрэлтэй асуудал. Тэгээд ч Кимийн эцэг болон өвөг эцэг нь зөвхөн галт тэргээр гадаад руу зорчдог байсан. Эл жишгийг даган Умард Солонгосын удирдагч Стокгольмд очоод ирэхэд бараг хагас сарын хугацаа орно. Логистикийн хувьд Финланд, Швейцарь хоёр ч мөн адил ийм хүндрэлтэй.
 
Уулзах газрын тухайд тун тохиромжтой өөр нэгэн хувилбар яригдаж байна. Америкийн улс төрийн дүн шинжилгээний “The National Interest” сэтгүүлд бичсэнийг үзвэл, ОХУ-ын Владивосток бол “түүхэн уулзалт”-ыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар гэнэ. Учир хэмээвээс, Пхеньян хот нь Владивостокоос ердөө ганцхан цаг нисээд очихоор ойрхон зайд  оршдог байна. Гэхдээ Умард Солонгосын өмнөх удирдагчид онгоцоор зорчих тун дургүй байсан бөгөөд Ким Жөн Уны өвөг эцэг болон эцэг нь гадаадад зочлохдоо хуягласан галт тэргээр аялдаг байсныг хүмүүс мэднэ. Энэ удаад ч Ким Жөн Ун мөн адил Пхеньянаас Владивосток руу галт тэргээр зорчих боломжтой.

Владивосток хотод, тодруулбал “Русский” гэдэг арал дээр өмнө нь 2012 онд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АPEC/ чуулган болж байсан учраас өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтэц нь бэлэн байгаа ажээ. Түүнээс гадна, АНУ болон БНАСАУ-ын консулын газрууд энэ хотод ажилладаг. Ким, Трамп хоёр энд уулзсан тохиолдолд Оросын Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн ирж, АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж магадгүй бөгөөд энэ нь хүйтэн хөндий болоод буй Орос-Америкийн харилцааг хэвийн голдрилд нь оруулахад түлхэц болно гэж “The National Interest” сэтгүүлийн нийтлэлд дүгнэн бичжээ.  

Манай улсад уулзалт болох тухайд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудсандаа “Монгол бол энэ уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар бөгөөд төвийг сахисан орон” гэж жиргэсэн байна.Түүнчлэн Японы нийслэл Токио хотод төвтэй “The Diplomat” онлайн сэтгүүлд “Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтыг Монголын нийслэл Улаанбаатарт зохион байгуулж болох найман шалтгаан”-ыг дэлгэрэнгүй дурдсан нь уншигчдын сонирхлыг ихэд татлаа. Мөн тухайн асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-ын талд тодорхой санал тавьсан билээ.



Цэрэггүй бүс дэх Панмүнжон тосгонд уулзалт болох магадлалтай байгаа боловч өндөр дээд хэмжээний чухал уулзалтыг зохион байгуулахад шаардагдах дэд бүтэц тэнд байхгүй. Гэсэн хэдий ч тус сууринд Умардын удирдагч Ким Жөн Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 4 дүгээр сард уулзаж магадгүй гэсэн мэдээлэл цацагдсан байна.



Энэ тохиолдолд нэгэнт дээд хэмжээний уулзалт болоод өнгөрчихсөн газарт очихоос Д.Трамп цааргалах  бөгөөд тэрбээр өөрийн хийх гэж буй уулзалтын ач холбогдлыг бууруулахыг хүсэхгүй нь мэдээж. Өмнөд Солонгосын нутагт тухайлбал, Сөүл хот эсвэл Чэжү арал дээр уулзалтыг хийе гэсэн хувилбарууд яригдаж байгаа боловч Ким Жөн Ун үүнийг зөвшөөрөх магадлал тун бага.    

Хятадын нийслэл Бээжин хот газарзүйн хувьд таатай байрлалтай боловч сүүлийн үед хоригийн асуудлаас үүдэн Пхеньян-Бээжингийн харилцаа хүйтэн хөндий болсон учраас Ким Жөн Ун Хятадад очих нь юу л бол хэмээн «The National Interest» сэтгүүлд бичжээ.

Нөгөөтэйгүүр, Умард Солонгосын тал уулзалтыг Вашингтонд хийхээс татгалзахгүй гэсэн санаагаа илэрхийлсэн. Гэтэл Кимд дургүй хүмүүс, ялангуяа Умард Солонгосоос оргосон олон хүн Америкт амьдардаг учраас Кимийг ирэхэд нь түүнийг амар тайван байлгалгүй хүндрэл учруулж мэднэ.   

Тов нь тодорхойгүй уулзалтын үр дүнг таамаглах нь   
 
Хэдийгээр уулзалтын тов тодорхойгүй байгаа боловч АНУ-БНАСАУ-ын удирдагчдын энэхүү “түүхэн уулзалт” болсон тохиолдолд ямар үр дүнтэйгээр өндөрлөх вэ гэдэг талаар шинжээч, тоймчид аль хэдийнэ өөрсдийн дүгнэлтүүдийг хийгээд эхэлчихжээ. Тухайлбал, Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн солонгос судлалын төвийн ажилтан Евгений Ким-ийн төсөөлж байгаагаар бол, хэлэлцээний дараа Умард Солонгосын тал цөмийн туршилтаа зогсоох бол АНУ Умардын эргийн дагуу хийж цэргийн сургуулилтаа зогсооно.

Хэлэлцээний явцад Умардын удирдагч Ким Жөн Уны зүгээс “шумбагч онгоцууд, нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд болон стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа Солонгосын хойгийн ойр орчмоос буцаан тат” гэсэн шаардлагыг америкчуудад тавих болов уу. Түүнээс гадна, цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоохыг зөвшөөрснийхөө хариуд тэрбээр  БНАСАУ-ын эсрэг түрэмгийлэл үйлдэхгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг АНУ-аас шаардаж магадгүй юм.  

Шинжээчдийн үзэж байгаагаар, Ким Жөн Ун хоёр Солонгосын харилцааг хэвийн болгохыг эрмэлзэж байгаа нь дорх шалтгаантай байж магадгүй. Тэрбээр АНУ-БНАСАУ болон БНАСАУ-БНСУ гэсэн хоёр дээд хэмжээний уулзалтад оролцсоноор түүний нэр хүнд ард түмний дунд улам өсөх юм. “Би улс орноо цөмийн зэвсэгтэй болгосноор аюулгүй байдлыг нь хангаж чадлаа. Үүний дараа хэлэлцээ хийж хоригийг цуцлуулснаар ард түмний амьдрал сайжирна” гэж ухуулгыг Ким Жөн Ун хийж эхлэх болов уу.  
Харин Японы шинжээчдийн үзэж байгаагаар, Трамп-Кимийн түүхэн уулзалт дараах гурван хувилбарын аль нэгээр нь өрнөх бололтой.

Юуны түрүүнд, хоёр удирдагчийн уулзалт найрсаг уур амьсгалд  өрнөж, үүний үр дүнд Умард Солонгосын тал тив алгасах пуужингаа боловсронгуй болгох төлөвлөгөөнөөсөө татгалзаж магадгүй. Түүнчлэн цөмийн туршилт дахин хийхгүй гэсэн амлалт өгнө. Энэ бүхэнд Америкийн Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байх нь ойлгомжтой. Гэхдээ үүний зэрэгцээ Умард Солонгосын тал  ойрын болон дунд зай тусгалтай пуужингуудаа чимээгүйхэн авч үлдэх бөгөөд эдгээр нь Япон болон Өмнөд Солонгост хамгийн ихээр заналхийлж байгаа билээ. Ийм учраас цаашдын яриа хэлэлцээнүүд сунжирсан зөвлөлдөөн болж хувирснаар Ким Жөн Ун цаг хожих магадлалтай.   
 
Япончуудын төсөөлж буй хоёрдахь хувилбараар бол, дээд хэмжээний уулзалтад бэлтгэх үйл явц сунжран бүтэлгүйтэх бөгөөд энэ үед хоёр тал уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж магадгүй. Ийм магадлал 50 хувьтай байгаа учраас эл тохиолдолд Солонгосын хойгт түгшүүртэй байдал улам даамжирна.
 
Гуравдахь хувилбар гэвэл, уулзалт болох боловч ямар ч үр дүнд хүрэлгүй бүтэлгүйтнэ. Пуужингийн болон цөмийн хөтөлбөрөөсөө татгалз гэсэн Америкийн талын нөхцөл болзлын хариуд Умардын удирдагч Кимийн зүгээс “Солонгосын хойгоос Америкийн цэргийг гаргах, Өмнөд Солонгостой тогтоосон цэргийн хэлхээ холбоогоо тасал” гэсэн шаардлагыг Трампад сөргүүлэн тавина. Үүнийг сонсод уурсан хилэгнэсэн Трамп хаалга саван гарч явах бөгөөд “хямралыг зохицуулах дипломат арга хэрэгслүүд шавхагдан дууслаа” гэж мэдэгдэнэ. Үүнтэй зэрэгцэн Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд, стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцуудын хөдөлгөөн Солонгосын хойгт дахин идэвхжих болно. Үүнтэй зэрэгцээд Умардын эсрэг хоригоо хэвээр нь байлгахыг америкчууд Хятадаас  улам шаргуу шаардаж эхлэх ажээ.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс гадна өөр бусад асуудал ч бий. Жишээлбэл, АНУ-ын тал Умард Солонгост баривчлагдсан өөрийн иргэдийг суллуулах гэж хичээж байгаа. Харин Умард Солонгосын тал өөрийгөө албан ёсоор цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрүүлэх сонирхолтой байгаагаас гадна Харилцан үл довтлох тухай гэрээг АНУ-тай байгуулахыг хүсч байна.

Түүнээс гадна, Пхеньян улам чангарсаар буй хоригийг цуцлуулахыг ихэд хичээж байгаа билээ. Учир нь, хориг цаашид үйлчилсээр байх аваас энэ оны 10 дугаар сар гэхэд Умард Солонгосын гадаад валютын нөөц бүрмөсөн шавхагдаж дуусах төлөвтэй байгаа аж.   

Эцэст нь дүгнэхэд, удахгүй болох уулзалт үр дүнд хүрэх эсэхээс үл шалтгаалан бие биенийгээ газрын хөрснөөс арчихад бэлэн байсан хоёр улс хэлэлцээний ширээний ард суух гэж байгаа нь хамгийн чухал үйл явдал юм.

Б.Адъяахүү   
Холбоотой мэдээ