Хаягдлын аж ахуйн ашиглалтын хугацааг уртасгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 16:53:36

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын аж ахуй нь эргэлтийн усаа хүлээн авах коллектороо 7.7 тэрбум төгрөгөөр шинэчиллээ. Ингэснээр тус аж ахуй 12 худагтай болж ашиглалтын хугацаа 15 жилээр уртасч байгаа юм.

Шинэчилсэн коллектор нь Хаягдлын аж ахуйд тунасан усыг дахин ашиглах зориулалттай бөгөөд дээр дурсан хөрөнгөөр 4.1 км шугам хоолой, ус хуримтлуулах 4 худаг, хязгаарлалтын 4 далан, ус дамжуулах 4 суваг барьжээ. Өнөөдрийн байдлаар тус аж ахуйн найман худаг дүүрсэн гэнэ байна. Усны түвшин нь далайн түвшнээс дээш 1287.34 м, 430 га талбайг эзэлжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн боловсруулалтад орж буй бүтээгдэхүүний 98.2 хувь нь Хаягдлын аж ахуйд хаягддаг. Одоогийн байдлаар 718 сая тонн хаягдал бий. Уг хаягдал нь 0.08 хувийн зэсийн агууламжтай бөгөөд үүнийг ашиглаж болох эсэх талаар ОХУ-тай хамтран ярилцаж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ