Залуучуудыг ажилд зуучлах өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 17:12:08

Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо, Хөдөлмөрийн хэлтсээс хамтран ажил, орлогогүй залуусын дунд өдөрлөг зохион байгууллаа.

Лхагва гарагт болсон уг арга хэмжээгээр Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажиллаж, ажил эрхлээгүй,  бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой залуучуудыг  бүртгэн дэд бүтэц, барилга, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн салбарт зуучлах ажлыг зохион байгуулжээ.

Мөн тэднийг ажил мэргэжлийн чиг, баримжаа олгох сургалтад хамруулан зөвлөгөө өгөх ба МЗХ-оос 2016 онд хэрэгжүүлэх “Илгээлтийн эзэд II” хөтөлбөрийг танилцуулж, ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь тусласан сургалт, мэдээллийг олгосон байна.

Өвөрхангай аймагт хөдөлмөрийн насны 70 гаруй мянган хүн идэвхтэй ажил хайж байгаагийн дотор дээд боловсролтой залуусын тоо олон байгаа нь зохион байгуулагч байгууллагуудын өмнө тулгамдсан асуудал болоод байгаа гэнэ.

2015 оны эхний 10 сарын байдлаар Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй залуус 2124 байгаа нь өмнөх оны мөн үеэс 732 хүнээр буюу 52.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд 1326 ажлын байр шинээр бий болсон ч энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 844 ажлын байр буюу 38.9 хувиар буурсан байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ