“Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөлгөөн” болов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-29 18:14:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих “Малын генетик нөөцийн тухай хууль”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-уудыг орон нутагтаа хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөлгөөн”-ийг гуравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. 
Зөвлөлгөөнөөр шинээр хэрэгжих дээрх хуулиудыг хэрэгжүүлэхэд малчид болон төр захиргааны байгууллагууд юунд анхаарах вэ, мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэхэд бүс нутгийн тухайд ямар бодлого баримтлавал зүйтэй вэ гэдэгт санал бодлоо солилцсон юм. Орон нутгийн зүгээс Говь-Алтай үүлдрийн хонь, Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээ болон Дэлгэрийн улаан хэвшлийн ямааг өсгөн үржүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаагаа малчдад танилцуулав.
Говь-Алтай аймагт мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ тогтвортой биш байгаа нь хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудал болоод байна гэдгийг оролцогчид хэлж байлаа. 
Орон нутгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, сумдын мал аж ахуйн үйлдвэрлэлийг хариуцдаг мэргэжилтнүүд, малчдын төлөөллүүд болон мал зүйч мэргэжилтэй боловч мэргэжлээрээ ажилладаггүй мэргэжлийн боловсон хүчнүүд уг зөвлөлгөөнд хамрагдсанаараа онцлогтой арга хэмжээ болж өнгөрлөө. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ