Доктор М.Амбага хөдөлмөр бүтээлийг алдаршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 17:31:18

Хэнтий нутгийн эрдэмтэн Төрийн шагналт, Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбагын хөдөлмөр, бүтээлийг алдаршуулах, хүндэтгэлийн арга хэмжээ Чингис хотод болов.

Энэ үеэр аймгийн орон нутаг судлах музейд “М.Амбага”-ын бүтээлийг алдаршуулах буланг байгуулж, “Дархлаа эрүүл байхын үндэс” уулзалт өдөрлөгийг ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад зохион байгууллаа.

Уг өдөрлөгт Хэнтий аймгийн Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс иргэд оролцлоо. Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар: “Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, өрнө дорнын анагаах ухааны шинэ шинэ ололттой тал, судалгаа шинжилгээг хослуулан шинжлэх ухааны шинэ нээлтийг хийж, хүн ардад хүртээхэд оюуны асар их хөдөлмөр гаргасан авьяас билэгт Хан Хэнтий нутгийн хүү таны бүтээлийг алдаршуулж, иргэдийн хэрэглээ болгож хэвшүүлэх сайхан болж бүрдэж байгаад баяртай байна” гэв.

Мөн доктор, профессор М.Амбагыг Хэнтий аймгийн Хүндэт тэмдгээр шагнаж, нутгийн зураач Д.Батхуягийн будаг нь хатаагүй шинэхэн бүтээл болох “Бурхан халдун” уулын зургийг гардууллаа.

Энэ үеэр доктор М.Амбага аймгийнхаа Ахмадын холбоотой хамтран “Хулж Боржигон” хувийн эмнэлэгт ахмадуудыгаа тодорхой хувийн хөнгөлөлттэй эмчлүүлэх эрхтэй болсныг дуулгасны дээр асуулт асуусан нэг ахмад настанг үнэ төлбөргүй эмчилж өгөхөөр боллоо. Мөн Шинэ анагаах ухааны дээд сургуулийн хамт олны зүгээс Хэрлэн сумын амжиргааны доод түвшингийн 3 өрхөд өргөн хэрэглээний бараа, 1 автомашин нүүрсний зардлыг гардуулан өглөө.

Тус арга хэмжээг аймгийн ЗДТГ, Шинэ анагаах ухаан дээд сургуультай хамтран Өрнө дорны анагаах ухааны ололттой тал, судалгаа шинжилгээг хослуулан анагаах ухааны шинэ шинэ ололтыг нээсэн нутгийн эрдэмтний бүтээлийг олны хүртээл болгож, төрийн соёрхол хүртсэн Салимон, Хоффитас эмүүдийн талаар мэдээлэл өгөх, өөрсдийн дархлаагаа сайжруулах, эрүүл мэндээ хамгаалах арга барилыг эзэмшүүлэх, бүтээгдэхүүнийг хэрэглээ болгох, ололттой талыг сурталчилах, үр шимийг нь хүн ардад хүртээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүр 11 дүгээр сарыг “Шинжлэх ухааны ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн доктор М.Амбагыг шагнаж урамшуулжээ.

О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ