50 ортой төрөх эмнэлэг энэ зун ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-30 14:11:07
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011 онд шав нь тавигдсан “50 ортой төрөх эмнэлэг” энэ оны зургаадугаар сарын 1-ний өдөр ашиглалтад орно. Уг эмнэлгийн барилга нь баригдаж эхэлсэнээс хойших хугацаанд нийт таван тэрбум арван есөн сая төгрөгийн хөрөнгөөр баригдаж байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн онд улсын төсвөөс нэг тэрбум 695 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Одоогоор барилгын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байгаа аж.
Тус аймгийн эрүүл мэндийн салбар нь сүүлийн 6 жил эхийн эндэгдэлгүй ажиллаж, заавал хийх дархлаажуулалтын хамрагдалтыг 0.3 хувиар, бэлгийн замаар дамжих халдвартай тохиолдлын хавьтлын илрүүлэлтийг  24.7 хувиар нэмэгдүүлж, хорт хавдрын шалтгаант нас баралтыг 0.6-хувиар бууруулж, эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг 60 хувьд хүргэжээ.
Тус аймгийн эрүүл мэндийн салбарт 228 эмч ажиллаж байгаа ба үүний 8.3 хувь нь “Ахлах”, 4.8 хувь нь  “Тэргүүлэх” , 1.3 хувь нь “Зөвлөх”, 17.1 хувь нь “Магистр”, 1.7 хувь нь “Доктор”-ын зэрэг  хамгаалсан эмч нар ажиллаж байна. 
Уг салбараас Ардын эмч 3, Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан 19, Анагаах ухааны 6 доктор төрөн гарчээ. Тухайлбал өнгөрсөн онд Халиун сумын эмнэлэгт 1977-2015 онд эх баригч бага эмч хүүхдийн эмч, эрхлэгчээр ажиллаж байсан С.Лхамжав, Нэгдсэн эмнэлэгт нүдний эмчээр ажиллаж байсан Д.Цэвээн, Эрүүлийг хамгаалах газарт боловсон хүчнээр ажиллаж байсан С.Бадамжав нар нь 2017 онд Монгол улсын “Хүний гавьяат эмч” цол хүртэж Говь-Алтай аймгаас төрөн гарсан Гавьяатуудын тоог  гурваар нэмсэн юм.
 
Э.Нарангэрэл
 

Холбоотой мэдээ