“Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-03-30 17:59:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгуулав.

Найм дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү шагнал нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшсэн бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 12 эмч "Алтан чагнуур"-ын эзнээр тодров.

Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерлогийн Төвийн эрхлэгч О.Баярмаа, Хэрх, үе судлал, Үе сэргээх төвийн эрхлэгч М.Отгонбаяр, ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн Толгой хүзүүний тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж, Нийслэлийн Амгалан амаржих газрын Төрөх тасгийн эрхлэгч Х.Цэцэгдэлгэр, Улсын III төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эрхлэгч Ж.Ганбаатар нар шилдгээр тодорлоо. Мөн Архангай аймгийн Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Д.Галбадрах, СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч М.Цэвээн, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Р.Эрдэнэбилэг болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторын төсгийн эрхлэгч Н.Цэрэнбүжид, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч П.Цэцэгням, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Дашиймаа нар "Алтан чагнуур"-ын эзэн боллоо.

Шагнал гардуулах үеэр МЭМАҮЭХ-ны  дарга Б.Мягмар хэлэхдээ “Монгол эмч нарын нэр дэлхий дахинаа цуурайтаж байна. Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг нь монгол хүн байна. Гэтэл Монгол эмч нар олон улсын эмч нарын түвшинд хүрсэн цалин авч чадаж байна уу гэдэг эргэлзээтэй асуудал юм. Иймд төр засгийн зүгээс эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх цаг болсон.

Энэ жилийн "Алтан чагнуур"-т  анагаах ухааны доктор, хүний гавьяат эмч, клиникийн профессор, магистр, тэргүүлэх зэргийн эмч нарын шилгүүд нэр дэвшсэн. Тиймээс дан ганц эрүүл мэндийн байгууллагт ажилладагаар нь бус, эрдэм шинжилгээний бүтээл туурвил зэргийг нь шалгуур болгосон” гэлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ