“Аюулгүй тээвэр-амь насны баталгаа” нэг сарын аяныг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-03 15:30:59
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ГХУСАЗСЗ-өөс санаачилж “Аюулгүй тээвэр-амь насны баталгаа” нэг сарын аяныг дөрөвдүгээр сарын 02-ноос тавдугаар сарын 02-ныг хүртэл аймгийн хэмжээнд зарлалаа.
Сарын аяны хүрээнд зөвшөөрөлгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг жолооч нартай уулзах, тэднийг бүртгэлжүүлэх, тээврийн хэрэгслийн хамтарсан шалгалт зохион байгуулах, такси үйлчилгээ эрхлэх гэрэлтүүлэг бүхий зогсоол байгуулах, зорчигт болон ачаа тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих, дуудлагын жолооч үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг ажлыг холбогдох албаныхантай хамтран зохион байгуулахаар болжээ.
Албаныхны хэлж буйгаар Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайрдаг учраас хүн нас барсан гэмтсэн ослуудын 80 хувь энэ замд гарсан нь судалгаагаар тогтоогджээ.
Иргэдийг баталгаатай аюулгүй тээврээр зорчих, амь насаа эрсдэлээс хамгаалж,  энэ төрлийн хэрэг, зөрчлөөс өөрсдийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэх талаар уриа, шаардлагтай мэдээллийг өгч ажиллах юм байна.
Аяныг аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Автотээврийн төв, Сайншанд сумын ГХУСАЗСЗ, Сайншанд сумын ЗДТГ, аймгийн МХГ, зорчигч болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Дээрх аяны нээлтийг дөрөвүгээр сарын 02-нд Сайншанд сумын “Соёмбо” цогцолбор дахь Иргэний танхимд зохион байгуулж, иргэд олон нийтэд албан ёсны мэдээлэл өгсөн.
Аяныг зохион байгуулснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын мэдлэг хандлагыг өөрчлөх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, хяналтын ажлыг тогтмолжуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарна гэж албаныхан үзжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ