“Ахмадын жил-2018” спортын наадам нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-03 20:07:27
Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийт 39 арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөсний нэг нь аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмадын жил-2018” спортын V дугаар наадам юм. Орон нутгийн төсвийн 4,3 сая төгрөгийн хөрөнгө өр хийж байгаа тус наадмын нээлт өнөөдөр аймгийн Спортын ордонд боллоо.

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван болон бусад сумдын дарга нар оролцсон юм.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат спортын V их наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү спортын наадмын гол зорилго нь Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн Газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, аймгийн аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэхээр 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд биеийн тамир, спортод ахмад үеийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, өсвөр үе, залуу хойч үедээ ахмад тамирчдын ур чадвар, туршлагыг сурталчлан таниулах явдал юм” хэмээн онцлов.

Спортын наадамд нийт 18 баг Шарын гол, Хонгор, Орхон сумын ахмадаас бүрдсэн 500 гаруй тамирчид гар бөмбөг, ширээний теннис, даам, шатар, нийтийн бүжиг, хийн дасгал гэсэн спортын 6 төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Тамирчдын 10 гаруй хувь нь спортын зэрэг цолтой, Олон улсын хэмжээний мастерууд, баг, сумын шилдэг баг тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. Тэмцээн энэ 7 хоногийн төгсгөлөөр шилдгүүдээ тодруулна.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ