39 төгсөгч өөрийн хүсэлтээр ЭЕШ-д орохгүй гэдгээ илэрхийлжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-05 14:46:27
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ жил Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн 846 хүүхэд 12 дугаар анги төгсөж буй ба тэдгээрээс 807 нь Элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлж, 39 төгсөгч өөрийн хүсэлтээр ЭЕШ-д орохгүй гэдгээ илэрхийлсэн байна. 
Мөн өмнөх оны 27 төгсөгч энэ удаагийн ЭЕШ-д орохоор бүртгэлд хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар уг шалгалтад Говь-Алтай аймгийн 834 төгсөгч орохоор бүртгүүлжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалт Ц.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуульд болно хэмээн Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээлэв.
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн төлбөрийн систем нь өнгөрсөн жилийнхээс өөрчлөгджээ. Тухайлбал бүртгүүлэгч шууд өөрийн картнаасаа гүйлгээ хийж бүртгүүлж байгаа гэнэ. Түүнчлэн онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлж буй ба нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг бөгөөд шалгуулагч Мобиком компаний “Candy” үйлчилгээг ашиглан  шалгалтын төлбөрөө төлөх боломжтой юм байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх юм. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ажээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ