Нийслэлийн зүүн хэсгийг дулаанаар хангах шинэ эх үүсвэр ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-27 13:12:26

Нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүх дүүргийг дулаанаар хангах “Амгалан” дулааны станц өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус бүтээн байгуулалтыг Монголын Засгийн газар, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг” корпорацитай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр концессын гэрээгээр хийсэн юм. Дулааны станцын ажил 2013 оны 8 дугаар сард эхэлж, энэ оны дөрөвдүгээр сард дууссан билээ. Улмаар өвлийн ид ачаалал эхлэх үеэр буюу өнгөрөгч 10 дугаар сараас туршилтын галлагаа хийж, дулаан өгч эхэлсэн юм.

Дулааны станцын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт болоод нийслэлийн удирдлага, салбарынхан оролцсон юм.

Энэхүү станц ашиглалтад орсноос Баянзүрх дүүрэгт шинээр баригдсан 50 мянга гаруй айлын орон сууц, өрх албан байгууллагын дулааны хэрэгцээг хангах боломж бүрдсэнийг УИХ дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, "УИХ төслийг амжилттай, богино хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталсан.  Төслийн үндсэн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК оролцсон нь 1950-аад онд баригдсан “ДЦС-II”-оос хойш Хятад улсын оролцоо дэмжлэгтэйгээр хийж байгаа томоохон бүтээн байгуулалт юм.

Цаашид Эрчим хүчний салбарт Монгол-Хятад хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд “Эгийн голын” УЦС, “Багануурын цахилгаан станц” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд УИХ-аас онцгой анхаарч тодорхой тогтоол шийдвэрүүдийг гаргаж, эрхзүйн орчныг бүрдүүлж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр манай орны эрчим хүчний системийн найдвартай тогтвортой ажиллагаа хангагдаж, цаашдаа манай улс эрчим хүч экспортлогч орон болох  үндэс суурь тавигдах болно" гэв.

“Амгалан” дулааны станц нь тус бүр 116 мвт-ын хүчин чадалтай гурван зуухтай юм. 2020 он хүртэлх хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын дулааны хэрэглээ 1,000 гаруй гига-калор, цахилгааны хэрэглээ 700 гаруй мегаваттаар өсөх тооцоо гарсныг Эрчим хүчний яам өмнө нь танилцуулж байсан. Өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахад “Амгалан” дулааны станц болон цаашид хэрэгжих бусад төслүүд чухал нөлөөтэй гэдгийг салбарынхан онцлов.

Энэ дулааны станц нь сүүлийн 30 гаруй жилд Монголын эрчим хүчний системд шинээр холбогдсон хамгийн том хүчин чадалтай станц юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ