Нас баралтын шалтгаанд зүрх судас, хавдрын өвчлөл тэргүүлэх байрт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-06 16:26:06
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн иргэдийн дунд өвчлөл ямар байгааг сүүлийн таван жилийн графикт харуулав. Өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны эхэнд амьсгалын тогтолцооны өвчлөл, удаад нь шээс, бэлгийн тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, хоол боловсруулах,  зүрх судасны өвчин эзэлж байна.
Харин нас баралтын шалтгааныг үзвэл зүрх судасны, осол гэмтлийн, хавдрын, хоол боловсруулах өвчлөл шил шилээ даран жагсжээ.
Аймгийн хэмжээний эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2011-2015 онд хавдрын 506 тохиолдол, жилд дунджаар 101 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 15.6 ноогдож байна.
Нийт хавдрын 39.7 хувийг элэгний, үүнээс 62.5 хувийг эрэгтэй, 37.5 хувийг эмэгтэйчүүд  эзэлж байгаа тоог албаны эх сурвалжид дурджээ. Аймгийн хэмжээнд хийгдсэн хорт хавдрын тархалтын 2015 оны судалгаагаар хойд бүсийн сумдад  элэгний хорт хавдрын өвчлөл Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх  суманд өндөр байгаа дүгнэлт гарсан аж.

Хавдрын өвчлөлийг бууруулахад "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр тусална 






Төрөөс хүн амын  эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр  цөөнгүй бодлогын баримт бичиг баталж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буйн нэг нь “Элэг бүтэн монгол” хөтөлбөр.
Манай улс 2020 он гэхэд “С” вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг тэргүүлэх зорилт болгон дэвшүүлсэн.
2017 онд Дорноговь аймгийн хэмжээнд 40-65 настай 11 мянга  орчим хүнийг элэгний в,с вирүсийн шинжилгээнд хамруулснаас 1000 орчим хүнээс “с” вирүс, 800 гаруй хүнээс “в” вирус илрүүлж,  хавдрын  олон тохиолдол илрүүлсэн нь сайн хэрэг юм.
Хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах онцгой ач холбогдолтой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эмийн эмчилгээг ч даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаах, үнэгүй болгох зэргээр зохицуулж байгаа.
Шинжилгээгээр "В" вирусийн халдваргүй гарсан иргэн сайн дураараа гепатитийн "В" вирусийн халдварын эсрэг вакциныг нэг хүн гурван тун хийлгэж гепатитийн В вирусийн халдварын эсрэг дархлаа тогтооно. Харин энэ мөнгийг  тухайн иргэн өөрөө гаргана.
Харин хөтөлбөрийн хоёрдугаар шат болох 15-39 насны хүмүүсийг с,в вирүсийн  үзлэгт хамруулах ажлын нээлт орон даяар эхэлж байна. Энэ удаа тус аймгийн 15-39 насны 30 орчим мянган иргэдийг дээрх шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.
Мөн өмнө нь хамрагдаагүй хүмүүс болон 65-аас дээш насны хүмүүс үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой юм. Дорноговь аймгийн хэмжээнд хорт хавдрын нас баралт 69.7 хувьтай байгаа нь улс, аймгийн дундажтай ойролцоо байгаа аж. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт албаныхан ихээхэн найдлага тавьж байна. Эл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал олон иргэн хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадах юм.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ