О.Ганбаатар: Зүүнгарын говьд тахийн сүрэг хэдэн бум хүртлээ өсөх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-08 14:59:17
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Дэлхийн болон Монголын “Улаан ном”-д орсон Тахь буюу Зэрлэг адууг Монгол орны Хустай нуруу, Хомын тал, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг гэсэн газарт 25 жилийн өмнө сэргээн нутагшуулж эхэлсэн билээ. Монгол орны баруун урд хэсэг Алтайн нурууны өвөрт орших Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа буюу Зүүнгарын говьд нутаглаж буй Тахийн тоо толгой, тэдгээрийн хаваржаалалтын нөхцөл байдал хийгээд түүнийг өсөж үржихэд холбогдох газрууд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ гэдэгт хариулт авахаар Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатартай ярилцлаа.
 
-Сайн байна уу. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа нь 1975 онд байгуулагдсан түүхтэй. Ярилцлагынхаа эхэнд байгууллагаа танилцуулна уу, хэдий хэмжээний газар нутагт Тахийн сүргийг сэргээн нутагшуулж байна вэ?
-Сайн байна уу. ГИДЦГ-ын “Б” хэсэг нь Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумд, Ховд аймгийн Алтай, Үенч сумдын урд хэсэг болох Монгол-Хятадын хилийн дагуу 927112 га талбай нутагтай. Манай дархан цаазат газар нь анх 1975 онд “А”, ”Б” хэсэгтэй байгуулагдсан бөгөөд “Б” хэсэгт хяналт, шалгалт, хамгаалалтын үйл ажиллагааг эрхлэх үүргийг 1996 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд байрлах Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний туршилтын төвд хариуцуулж улмаар 2009 онд  албан ёсоор ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалтын захиргаа хэмээн нэрлэх болсон юм. Манайх бусад хамгаалалтын захиргаадтай адил БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт шууд харьяалагдаж үйл ажиллагаагаа явуулдаг улсын төсөвт албан байгууллага бөгөөд ГИДЦГ-ын “Б” хэсэг, түүний орчны бүс, Алагхайрхан уулын БНГ гэсэн хоёр улсын тусгай хамгаалалттай газар нутагт ойролцоогоор 1,6 сая га талбайд ТХГН, Орчны бүсийн тухай хууль, бусад байгаль орчны багц хуулиуд, холбогдох журам, горим, дэглэмийг хэрэгжүүлэн ажилладаг.

-Дэлхийд ховордсон амьтан, ургамлын өлгий нутаг гэлцдэг. Мэдээж тэдгээрийн зүй зохистой байдлыг ханган, байгалийн экосистемийг унаган төрхөөр нь хадгалах нь танай хамт олны эрхэм зорилго болов уу?
-ГИДЦГ нь НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын шийдвэрээр 1991 онд Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн нь Төв Азийн цөлийн экосистемийг олон улсын түвшинд судлах, хамгаалах өргөн боломж нээгдэхийн хамт түүнийг унаган төрхөөр нь хадгалан хамгаалах  нөр их үүргийг давхар хүлээсэн бөгөөд “Б” хэсэг нь Монголын Зүүнгарын говийн ихэнх нутгийг хамарснаараа маш их онцлогтой. Мөн хөрс, ургамал, амьтны бие даасан мужлал болдог тул зөвхөн энэ бүс нутагт амьдардаг унаган, ховор зүйлүүд олон байдаг. Үүнээс дурдвал: Тахь, Давжаа алагдаага, Сухайн чичүүл, Зүүнгар даахай зэрэг хөхтөн, Толбот могой гүрвэл, Ногоон бах, зүүнгарын Гоёо, зүүнгарын Заяахай, бяцханцэцэгт Хависгана зэрэг дээд цэцэгт ургамал, Каспиорчмын тортула зүйлийн хөвд, Памирын тэвгэнэ зүйлийн хаг зэргийг нэрлэж болно.

-Тахийн тоо толгойг өсгөхөд танай захиргаанаас ямар бодлого, төлөвлөгөө гарган ажиллаж байна?
-Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Зүүнгарын говь нь тахийн уугуул нутаг. Тахийг гадаадын амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авчирж говийн бэлчээрт суллан нутагшуулснаас хойш бидний гол хийх ажил зэрлэг тахийн сүргийн шилжилт хөдөлгөөн, байршил, тоо толгойн өөрчлөлтийг тогтмол хянах явдал юм. Сүүлийн жилүүдэд тахийн тоо толгой хурдтай өсөж, цөөн тоогоор хорогдол гарч байгаа тул манай хамт олон тахийг нэг бүрчлэн зүслэх, хорогдсон тахийн сэг зэмийг олох, шалтгааныг тодруулах ажлыг гол зорилго, зорилтоо болгоод байна. Мөн адуутай эрлийзжүүлэхгүй, ойрхон бэлчээрлүүлэхгүй байх шаардлагатай. Зэрлэг тахийн сүрэг тархан идээшилж буй нутгийн иргэдэд энэ нөр их ажлыг тодорхой ойлгуулж, хамтран ажиллахыг уриалж байгаа.  

-“Монголд Тахь сэргээн нутагшуулах, хамгаалах” төсөл Говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд хэрэгжсэн. Уг төслийн үр дүнгийн талаар товч танилцуулна уу? 
-2010 он бидний ажилд хүнд цохилт, маш том сургамж өгсөн өвөл болж өнгөрсөн. Байгальд сэргээн нутагшуулсан, дөнгөж хүний гараас гарч буй тэр амьтдыг ямар эрсдэл хүлээж байдгийг бүрэн ойлгуулсан тул 2011 оноос эхлэн яг ийм хүнд өвөл тохиолдоход бид хэрхэн бэлдэх талаар төлөвлөгөөтэй, дэс дараатай бодит ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал тахийг Европоос дахин тээвэрлэн авчирч, зэрлэг тахийн сүргүүд бөөгнөрөн өвөлждөг Хонь ус, Тахь усны баянбүрдэнд байгаль хамгаалагчдын байр, өвсний фонд байгуулсан. Энэ хоёр баянбүрдийн хооронд тахийн сүргийн шилжилт хөдөлгөөн, тархах нөхцөлд нөлөөлөх зорилгоор нарны эрчим хүчээр ажилладаг худаг гаргаж, тэр ч бүү хэл цасны мотоцикль худалдан авсан гэдгээ онцлон дурдъя. Гэхдээ бид хүнээс хараат бус тахийн бие даасан популяци үүсгэх чиглэлрүү үргэлж анхаарах ёстой.     

-Өнгөрсөн өвөл Говь-Алтай аймгийн зарим нутгаар цас ихтэй цаг агаарын хувьд хүндхэн байсан. Зүүнгарын говьд ямархуу өвөл болов. Та бүхний ажилд цаг агаарын нөхцөл байдал сөргөөр нөлөөлсөн үү? 
-Өнгөрсөн өвөл энэ жаранд тохиогоогүй сайхан өвөл боллоо. Дархан цаазат газрын бүх зэрлэг амьтад онд мэнд тарган сайхан орсон. Энэ жарны хамгийн зудтай, өнтэй өвөл ийм богино хугацаанд тохиож буй нь дэлхий дулаарал энэ бүс нутагт нөлөөлж эхэлсний шинж тэмдэг мөн гэж бодож байна. Иймд Монголчууд бид дэлхий нийтийн жишгийг дагаж байгаль ээжтэйгээ зүй зохистой харилцах ёстой  болсныг сануулж буй мэт. Бүх юм энгийн зүйлээс эхэлдэг. Хамгийн эхлээд хогоо битгий энд тэндгүй хая. Манай дархан цаазат газарт хог маш бага тохиолддог нь мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын сүүлийн 10 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн мөн. Харин бусад газрын зам дагуух хог арай дэндэж байна шүү. Дараа нь мэдээж амьтан агнахгүй, ургамал түүхгүй, хийн түлшийг ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээнд өргөн нэвтрүүлэх гээд олон зүйлүүдийг та бүгд мэдэж байгаа.    

-Урин дулаан цаг ирсэн ч өвс ногоо, ус гээд байгалийн хүчин зүйлээс хамаарах олон нөлөөлөл аливаа амьтны амьдрах чадварт нөлөөлдөг. Тахийн талын хаваржаалалт ямархуу байна?
-Цас багатай өвөлжсөн говь нутагт хахир хавар болох магадлал хамгийн өндөр. Говийн их дархан цаазат газарт шаваг дөнгөж нүдэлж л байна. Харин хур бороо орохгүй бол хаваржаалалт хүндрэх төлөвтэй байгаа. Хаврын улирал эхэлснээс хойш тахийн хорогдол цөөнгүй гарсан нь бидний санааг зовоосоор байна. Мал амьтны гаралтай халдварт өвчин, тамир тэнхээ сульдах нь хорогдлын үндсэн шалтгаан гэж тодорхойлоод байна.

-Гурван жилийн өмнө Тахийн талд 140 шахам тахь бий гэсэн тоо баримт байдаг. Одоогоор Тахийн сүрэг хэдэн тоо толгойд хүрээд байна вэ?
-Өнгөрсөн оны жилийн эцсээр тахийн тоо толгой 200-д хүрсэн. Энэ хавар цөөн хорогдол гарлаа. Байгаль хамгаалагчдын гуравдугаар сарын нэгдсэн мэдээгээр 50 гаруй тахийн гүү хээлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байна. 

-Зэрлэг амьтдыг агнах болон бусад зөрчлүүд хэр их тохиолдож байна вэ?
-Манай Хамгаалалтын захиргаа хариуцан ажилдаг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг, Алагхайрхан уулын БНГ-т хулан, хар сүүлт зээр, тарвага агнах, заг түлшинд түүх, ашигт малтмал эрэх, хайх, олборлох зөрчлүүд нийтлэг тохиолддог. Зөрчлийн тухай хууль шинээр батлагдан хэрэгжих болсонтой уялдан байгаль орчны зөрчлийн торгууль шийтгэвэр, хариуцлага нэлээд өндөр болсныг ард иргэд анхаарах хэрэгтэй шүү. “Би мэдээгүй” гэдэг тайлбар таныг гэмт хэргээс чөлөөлөх үндэслэл огт биш. Иймд өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө зөрчил гаргахаас ямагт урьдчилан сэргийлэх нь таны үүрэг юм. Нэмээд нэг зүйл мэдээлэхэд нэн ховор амьтан, ургамлаас бусад зүйлийн амьтан, ургамлыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх зүйн боломжийг хуулиар аль хэдийн шийдсэн байдаг тул түүнийг дагаж мөрдөх нь бидний ажлын ачааллыг бууруулах, хэн нэгэн хүнийг гэмт хэрэгтэн болгохоос урьдчилан сэргийлэх зөв шийдэл юм.  

-Та бүхэнтэй хамгийн ойр байдаг хүмүүс бол малчид. Тэдэнтэй хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Монголын байгаль орчныг нутгийг иргэд, малчдын оролцоо, туслалцаагүйгээр хамгаалах ямар ч боломжгүй. Тэр тусмаа ГИДЦГ-ын “Б” хэсэгт нутгийн малчид ТХГН-ийн тухай хууль хэрэгжүүлэх, байгаль орчны эсрэг зөрчил, гэмт хэргийг илрүүлэхэд маш их тусладаг. Мөн малчид сэргээн нутагшуулсан зэрлэг тахийн сүргийн байршил хөдөлгөөн, сүргээсээ салсан тахийн үрээ, байдас, зүй бусаар хорогдсон тахийн сэг зэм олоход олонтоо туслаж байсан. Манай Хамгаалалтын захиргаатай байнга хамтран ажилладаг орон нутгийн иргэд, малчиддаа баярлалаа гэж хэлье.   

-ГИДЦГ-ын “Б” хэсэгт хэдэн оноос хойш “Олон улсын Тахь групп” ТББ тахь сэргээн нутагшуулахад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бэ. Монголчуудын оролцоог энэ ажилд хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Швейцарь улсад төвтэй “Олон улсын тахь групп” ТББ 1999 онд албан ёсоор байгуулагдаж ГИДЦГ-ын “Б” хэсэгт тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагааны санхүүжилт, менежментийг БОАЖЯ-тай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлж байна. “Олон улсын тахь групп” нь тахийн судалгаа шинжилгээ, ажиглалт мониторинг, тоног төхөөрөмжийг хангах, хөрөнгө оруулалт татах, сүүлийн жилүүдэд Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран тахь тээвэрлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлдэг. Энэ ажилд Монголчуудын оролцоо хөрөнгө оруулалтын тал дээр бараг байдаггүй тул “Тахийн нөхөд сан”-г албан ёсоор байгуулж үйл ажиллагааг идэвхжүүлээд байна. Та бүхэн “Тахийн нөхөд сан”-г гэсэн түлхүүр үгээр интернетэд шууд хайх эсвэл < https://www.savethewildhorse.mn> цахим хуудсаар дамжин орж энэ үйл ажиллагаатай танилцаж өөрийн болон бусдын оролцоог уриалан нэмэгдүүлэхийг хүсэж байна. 

-Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран Тахь тээвэрлэн авчирсан гэлээ. Өөр орчноос авчирсан Тахийг нутагшуулахад цаг хугацаа их шаарддаг байх? 
-Зүүнгарын говь нь Тахийн уугуул нутаг юм. Иймд ГИДЦГ-ын “Б” хэсгийг Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаагүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй билээ. Энэ нутагт 1992 оноос хойш Тахь адууг сэргээн нутагшуулж эхэлсэн. 2016 оныг хүртэл 119 тоо толгой /36 азарга, 86 гүү/ тахийг Европ, Австрали, Хятадын янз бүрийн амьтны хүрээлэн, үржүүлгийн газар, үндэсний паркуудаас ГИДЦГ-ын “Б” хэсэгт тээвэрлэн нутагшуулсан юм. Өнгөрсөн оны байдлаар арван унага мэндэлсэн, анхны унага 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Барс  азарганы сүрэгт Хатан гүүнээс төрсөн байдаг.
Тахь сэргээн нутагшуулах ажилд маш их цаг хугацаа, хөрөнгө санхүүжилт хэрэгтэй. Тэр тусмаа Зүүнгарын говь шиг байгаль, цаг уурын эрсдэлтэй нутагт бид маш их хариуцлагатай ажиллах ёстой. Өнгөрсөн 25 жил бол нэг бодгаль тахийн биологийн нас шүү дээ. Манайд одоо 24 настай хоёр гүү байгаа. Тахиуд өөр өөр газраас ирсэн хэдий ч нэг л арга зүйгээр нутагшуулахад үр дүнгээ өгч байгаа нь энэ амьтан уугуул удмаасаа тасраад удаагүйн баталгаа бөгөөд энэ нутагт тахь хэдэн бум хүртлээ өсөх боломжтой гэж мэргэжлийн хүний хувьд тооцоолж байгаа шүү.  

-БОАЖЯ-аас Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг өргөтгөхөөр ажиллаж буйгаа салбарын сайд илэрхийлсэн. Яг ямар ажил хийгдэв?
-Манай Дархан цаазат газрын өргөтгөл 2013 онд тухайн үеийн БОНХЯ-нд хүргэгдээд хэд хэдэн сайдын зөвлөлөөр хэлэлцэгдсэн, Засгийн газар, УИХ-д тус бүр нэг удаа өргөн баригдсан шийдвэр нь гарахгүй нэлээд удаж байгаа ажлын нэг юм. Сая гуравдугаар сарын сүүлээр ГИДЦГ-ын “Б” хэсгийн өргөтгөлийг бусад 21 газрын хамт Засгийн газарт өргөн барьсан байна. Одоо БОАЖ-ын сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хийх ажил үлдсэн. Газар нутгаа өргөтгөж төрийн тусгай хамгаалалтад оруулж дархлан хамгаалах нь ирээдүй хойч үедээ үлдээж буй гайхамшигт бэлэг тул Говь-Алтай, Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, байгаль орчныг хамгаалахыг уриалан дэмждэг сайд, гишүүд нутгийн ард иргэдийн хүсэлт дээр суурилсан бүх шатны иргэдийн хурлаар хэлэлцэгдсэн энэхүү ажлыг дэмжинэ гэдэгт маш их найдаж байна.   

-Тахь нутагшуулах, өсгөж үржүүлэх ажилд ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны хамт олны  хөдөлмөр зүтгэл их бий. Тэдний ажиллах орчин нөхцөл ямархуу байна. Та бүхэнд ажил үүргээ гүйцэтгэхэд  хүндрэл бэрхшээл тохиолдож байна уу?
-Байгаль хамгаалагчид маань ажлын байрны тодорхойлтод заагдсан ажил дээрээ нэмж тахийг бүртгэх, ажиглах ажлыг хийдэг. Нийт 7 байгаль хамгаалагчдыг туулах чадвар сайтай мотоцикль, зөөврийн компьютер, зургийн апаратаар хангах шаардлагатай байна. Ер нь эргүүл шалгалтын ажлыг  1-2 хүний бүрэлдэхүүнтэй хийхийг хориглож байгаа. 

-Энэ онд хийж хэрэгжүүлэх ажлуудаасаа тоймлон яривал?
-Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны цэвэр усны шугам, 00, шүршүүрийг байгаль орчны стандартад нийцүүлэн шинээр хийх, интернетийн хурдыг нэмэгдүүлэх, Дархан цаазат газарт байрладаг хилийн цэргийн гурван заставт эко 00 бариулах,  нутгийн ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамт олны сахилга хариуцлагыг сайжруулах, байгаль хамгаалагчдын  хээрийн нэг пост нэмж барих, мэдээлэл, сурталчилгааны самбарууд шинээр байрлуулах гэх мэт олон ажлуудыг төлөвлөн эхнээс нь хэрэгжүүлж байна.    
 
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Таны ярихыг хүссэн зүйл үлдсэн байж магадгүй. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе? 
-Байгаль хамгаалах нь зөвхөн бидний ажил биш иргэн бүрийн үүрэг тул ажил үүргээ гүйцэтгэж яваа байгаль хамгаалагч, хяналт шалгалтын баг бүрэлдэхүүнтэй та бүхэн хүндэтгэлтэй хандаж хэрэг зорилгоо эелдгээр тайлбарлан хамтран ажиллахыг хүсэж байна. 
 
Э.Нарангэрэл
 
 
Холбоотой мэдээ