Нохой жилийн "Тэргүүн дэвжээ" шалгаруулах барилдаанд Цэнгэл сумын баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-08 22:42:55
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нохой жилийн "Тэргүүн дэвжээ" шалгаруулах сумын цолтой болон залуу бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаан энэ сарын 07-ны өдөр Өлгий хотын Спорт цогцолборт анх удаагаа явагдаж, сумын заан Н.Абыз ахлагчтай Цэнгэл сумын баг тэргүүн байранд шалгарлаа.

Аймгийн заан Н.Аманбек, иргэн Х.Барбол нар санаачлан аймгийн Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулсан уг барилдааны удаах байруудад сумын заан Т.Ардагер ахлагчтай Ногооннуур сумын баг, сумын заан Х.Ыхылас ахлагчтай Өлгий сумын багууд тус тус шалгарлаа.

Орон нутагт тогтвортой барилдаж, үзэгч олноо баясгаж яваа бөхчүүдэд бие биенээсээ харилцан суралцах, бэлтгэл сургуулилтаа тогтмолжуулах боломж олгох, барилдааны амжилтыг дээшлүүлэх, цолыг нь ахиулахад дэмжлэг үзүүлэх зорилготой уг арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа санаачлагчид нь илэрхийлээд байна.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймагт одоогоор сумын заан цолтой 60, сумын начин цолтой 30 орчим бөх тогтмол барилдаж байгаа ажээ.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ