Дорноговийн өсвөрийн боксчид таван медаль хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-09 14:10:16
Дорноговь /МОНЦАМЭ/. Өсвөрийн боксчдын 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Сайншанд хотноо дөрөвдүгээр сарын 05-наас 08-нд болж эрэгтэй 10, эмэгтэй 8 жингийн аваргууд  тодорлоо.
Уг тэмцээнд 25 багийн 200 гаруй ширэн бээлийтнүүд өрсөлдсөн бөгөөд Дорноговийн өсвөрийн тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр “Ихэр бээлий”, Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубтэй оноо тэнцэж гуравдугаар байрыг хувааж эзлэв.
Тэргүүн байрт Монгол улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга  дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны тамирчид, дэд байрт спортын мастер С.Дашбурмаа,н.Есүхэйбаатар дасгалжуулагчтай Биеийн тамир спортын дунд сургууль шалгарсан. Харин  46 кг-ын жинд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Сүх-Эрдэнэ аваргын алтан медаль хүртэж тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарав.
15-16 насны ангилалд Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн  Н.Түвшинтунгалаг,Замын-Үүдийн Л.Мэндбаяр нар мөнгөн медаль, Сайншанд сумын ерөнхий боловсролын  тавдугаар  сургуулийн Д.Мөнхжин, н.Отгонбаяр нар хүрэл медаль тус тус хүртлээ. Энэ удаагийн тэмцээнийг говийн  тавдугаар дүрийн  ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг угтаж зохион байгуулсан бөгөөд тэмцээний зардалд орон нутгаас 13 сая төгрөг зарцуулснаас гадна “Их дэлгэрэх хэт” ХХК, “Дархан Жонон” ХХК компани ивээн тэтгж оролцлоо.
Харин Монголын фоксын холбоо тэмцээний шүүгчийн замын зардал, ажлын хөлс, медаль зэргийг гаргаж Дорноговь аймгийн салбар холбоотой тэмцээнийг хамтран зохион байгуулсан  байна. Багийн дүнгээр тэргүүлсэн багийг 500 мянга, дэд байрт шалгарсан багийг 400, гутгаар байрт шалгарсан багийг 300 мянган төгрөгөөр шагнасан бол алтан медаль хүртсэн тамирчныг өргөмжлөл, медаль, 70 мянгөн төгрөг, дэд байрт шалгарсан тамирчныг өргөмжлөл, медаль, 60 мянган төгрөг, гутгаарт байрт шалгарсан тамирчныг өргөмжлөл, медаль, 50 мянган төгрөгөөр тус тус шагнав.
Дашрамд дурдахад 1992 онд өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дорноговь аймаг зохион байгуулж байсан бол эдүгээ 26 жилийн дараа дахин зохион байгуулсан байна.
Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ