2018 онд 27,8 тэрбум төгрөгөөр 107 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-04-09 20:54:52
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг 2018 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын нээлтээ хийлээ. Энэ онд бага зардлаар илүү их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхээр зорилт тавьжээ.
2018 онд 27,8 тэрбум төгрөгөөр 107 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явц 95 хувьтай явагдаж байгаа талаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан хэлсэн үгэндээ онцоллоо.

2018 онд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын ажлаас дурдвал 2200 хүний суудалтай Спорт цогцолбор, 50 ортой төрөх эмнэлгийн барилгын өргөтгөл, Дархан сумын 9 дүгээр багт 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга, Дархан сумын 23-р цэцэрлэгийн өргөтгөл, Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор”-ыг шинээр барих, Дархан сумын 6-р багт дахин төлөвлөлт хийн 61,62,63-р хэт хуучирсан байшингуудыг буулган 55 айлын орон сууц шинээр барих, Дархан сумын алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан хүүхдийн автобус хоёрыг худалдан авах, Дархан сумын 4,5,9,11,14,16-р багуудад нийт 125 авто машины зогсоол шинээр гаргах ажлыг төлөвлөжээ.

Өнгөрсөн онуудад аймгийн удирдлагууд иргэдтэйгээ хамтран татвар төлөөлөгчдийн бий болгосон хөрөнгийг иргэдийнхээ аятай тухтай орчинд ажиллаж, амьдрах, сурч боловсрох, орчинг бүрдүүлэхэд голчлон анхаарч ирсэн.

Тухайлбал “Жишиг хороолол” төсөл, орон сууцны инженерийн шугам хоолойн засвар шинэчлэлт, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээ, “250 айл”-ын амины орон сууц, төв зам болон гэр хорооллын гэрэлтүүлэг, авто замын засвар, шинэчлэлт гэх мэт олон төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ