Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах иргэдэд шинээр газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-09 23:34:57

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг иргэдийнхээ хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах зорилгоор аймаг, орон нутгийн зүгээс ногоочдод элит сортын төмс, хүнсний ногооны үр, технологийн гарын авлагыг тараах, атаршсан тариалангийн талбайг эргэлтэд оруулж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах иргэдэд газар шинээр олгох төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ тухай өнөөдөр болсон “Хэнтий аймгийн ногоочдын зөвлөлгөөн”-ий үеэр аймгийн Засаг дарга Н.Ганбямба орон нутгийн зүгээс ногоочдыг дэмжих талаар баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийхдээ танилцуулсан юм. 

Мөн иргэд ААН-ын санал санаачлагыг дэмжих, урт богино хугацааны зээлийн дэмжлэгт хамруулах, гурван улирлын хүлэмж, зоорийг ОУБ, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран барьж ашиглалтад оруулах, аймгийн Засаг даргын захирамжаар өөрийн хөрөнгөөр 30 тонноос дээш багтаамжтай зоорь барьсан иргэд, хоршоо, бүлгийг урамшуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг ч энэ үеэр мэдээллээ.
 
Тус аймаг жил бүр газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөн зохион байгуулдаг хэдий ч энэ удаад зөвхөн ногоочдыг хамруулсан зөвлөлгөөн зохион байгуулж буйгаараа онцлог болсон юм. Энэ удаагийн зөвлөлгөөнийг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Каритас Чех олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа. Тус зөвлөлгөөнд 18 сум таван тосгоны 90 гаруй ногоочин оролцож, хүнсний ногооны салбарын 2017 оны ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.


Хэнтий аймаг өнгөрсөн жилүүдэд нийт хүн амынхаа хүнсний ногооны хэрэгцээний 20 хувийг хангаж ирсэн бол 2017 онд аймгийн нийт хүн амын төмсний хэрэгцээний 80 хувь, хүнсний хэрэгцээний 60 хувийг тус тус хангажээ. Мөн Хэрлэн, Өмнөдэлгэр, Мөрөн, Биндэр сумд төмс хүнсний ногооны хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангасан байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ