Ж.Бямбадорж: Хүний нийгэм байгаа газар хүний эрхийн зөрчил байнга гарч байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-10 22:42:01
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Чингис хотноо Хүний эрхийн Үндэсний комисс, Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Хүний эрхийн форумаас хамтран “Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагуудын болон төрийн байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцов. НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжүүд аймаг орон нутагт, өөрөөр хэлбэл цаасан дээр бус амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар хэлэлцэн, ярилцсаны дагуу дүгнэлт хийх юм. Уг дүгнэлтэд үндэслэн ХЭҮК-оос хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлж, биелэлтийг хангуулах ажээ.

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадорж: “Хүний нийгэм байгаа газар хүний эрхийн зөрчил байнга гарч байдаг. Гагцхүү түүнийг таслан зогсоох бүх механизм ажиллаж байх ёстой. Тэрхүү зөрчлийг хуулиар зөвшөөрч болохгүй, нөгөөтэйгүүр төрийн байгууллага, төрийн албан тушаалтан хүний эрхийг зөрчиж огт болохгүй. Ардчиллын гол шалгуур нь хүний эрхийн асуудал байдаг. Тиймээс улс гүрнүүдийн хүний эрхийг үнэлэх асуудал нь тухайн улсыг үнэлдэг болоод байна” гэв.

Монгол Улс хүний эрхийн төлөв байдлаа 2010, 2015 онд хоёр удаа хэлэлцүүлж, иргэдийнхээ хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахаар нийт 276 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан байдаг. 2020 онд Монгол Улс хүний эрхийн төлөв байдлаа гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцүүлэх бөгөөд амлалт авсан зөвлөмжүүдээ хэрхэн хэрэгжүүлснээ тайлагнах үүрэгтэй юм. 2010 оноос хүний эрхийн 30 гаруй ТББ хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор эвлэлдэн нэгдсэн байна. Энэ хугацаанд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн хороо, Эдийн засаг нийгэм соёлын эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар нийт 24 мэдээ, тайлан илгээжээ. Мөн тодорхой эрхийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлийг таслан зогсоох, иргэдийн оролцоог баталгаажуулах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ, ХЭҮК, Засгийн газар, яамд, агентлагт шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой асуудлаар зөвлөлдөх зэргээр ажиллаж байна.
    Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ