Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал, Бизнес форумын үр дүнгийн талаар хэн юу хэлэв?

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-11 16:55:34
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлууд болон Бээжин хотноо болж буй Монгол, Хятадын бизнесийн форумын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүдийн талаар зарим төлөөлөгчдөөс тодрууллаа. 



ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:
Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарт хоёр улс Иж бүрэн түншлэлийн хэмжээнд ажиллаж, өмнөх ажлаа үргэлжлүүлэхээр тохирлоо.Мөн айлчлалын үеэр манай ХХААХҮ, Хятадын Худалдааны яамтай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мэдээлэл солилцох , хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн ХАА-н түүхий эд, бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд экспортод гаргах нь маш чухал. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Хятадын аж ахуйн нэгжтэй БНХАУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 78 сая ам.долларын зээлийн гэрээ байгууллаа. Энэ гэрээний хүрээнд Монгол Улсын говь, хангай, баруун, зүүн бүсэд махны дөрвөн үйлдвэр, хорио цээрийн бүстэй байгуулахаар болж байна. Ингэснээр махны экспортыг нэмэгдүүлэхэд их том түлхэц болно.



БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:
Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд манай яамнаас хоёр том хамтын ажиллагааны гэрээг шинэчлэв. Нэгдүгээрт Боловсролын салбарт 2018-2021 он хүртэл 4 жил хамтарч ажиллах гэрээгээ шинэчилсэн бөгөөд энэ хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж буй сургууль, цэцэрлэгийн ажлыг дуусгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 300 хүүхдийн хүчин чадалтай төвийн нэмэлт санхүүжилт, багш солилцоо, сургалтын асуудал багтаж байна. Хоёрдугаарт Спортын салбарт цогц байдлаар хамтарч ажиллах, Токиогийн олимп хүртэл биеийн тамир спортын салбарт ажиллаж байгаа хүний нөөц, дасгалжуулагчдаа бэлтгэх, жудо, чөлөөт, боксын чиглэлээр тамирчин солилцож бэлтгэл хийх гэсэн өргөн агуулгатай гэрээ байгууллаа.      

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ярьж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ихэнх нь Улаанбаатар хоттой холбоотой байгаа. Ялангуяа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүд нь Улаанбаатарт хэрэгжих юм. Үүнээс дурдвал айлчлалын хүрээнд санамж бичиг байгуулсан Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах төсөл. Энэ бол их олон жил яригдсан асуудал. Харин санамж бичиг байгуулснаар дараа дараагийн ажлууд эрчимтэй явж, энэ зундаа багтаж эхлүүлэх сонирхолтой байгаа. Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсний үр дүнд ажил саадгүй явна гэж бодож байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцжуулах төслүүд Хөгжлийн банкнаас олгож байсан зээл зогссонтой холбогдуулан удааширсан. Мөн гэр хороолол руу татах дэд бүтцүүдийн санхүүжилт их хүндрэлтэй байсан. Харин БНХАУ-аас олгох 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар дэд бүтцийн уг асуудлыг шийдвэрлэх талаар хоёр орны яамд ярилцаж, Монголын талаас санал тавьсан байсан. Энэхүү тусламжийн эхний ээлжинд 660 сая юанийн буцалтгүй тусламжийг энэ 2018 онд үзүүлэхээр шийдвэрлэлээ. Үүгээр хотын дэд бүтэц, цэвэр ус, ариутгах татуургын шугам, цахилгааны шугам зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэж, тодорхой хэсгээр хил орчмын боомтуудын бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ. Хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар “толгой” компаниудтай нь уулзаж ярилцлаа. Улаанбаатар хотын гүүрэн гарц, гурван том гүүрийг шинэчлэх зэрэг төслүүдийнхээ талаар ярилцсан. Мөн айлчлалын хүрээнд хог боловсруулах үйлдвэртэй танилцлаа. Дэлхий нийтээр байгальд хоргүйгээр хогоо бүрэн боловсруулж, устгаж байгаа. Улаанбаатар хотын хувьд бүрэн устгаж чадахгүй, 2020 онд Хогийн цэгийн багтаамж дүүрэхээр байна. Тиймээс 2020 оноос өмнө хог боловсруулах, шатаах үйлдвэрийг зайлшгүй байгуулах шаардлага тулгарч байна. Энэ талаар бас ярилцлаа.  



МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг:
Энэ форум хоёр орны 600 орчим төлөөлөгчийг хамарсан маш чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Манай бизнес эрхлэгчид Монголд байгаа нөөц бололцоогоо ашиглан БНХАУ-ын компаниудтай хамтарч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах, технологийг нэвтрүүлэх тал дээр ялангуяа хууль эрхзүйн талаас хоёр орны Засгийн газрын хэмжээнд Худалдааг хөнгөвчлөх, Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлыг форумаар онцолж ярьж байна. Нөгөө талаас МАА-н түүхий эдээ нэмүү өртөг шингээн БНХАУ-ын зах зээлд гаргахад олон улсын стандарт нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг шинэчлэх лабораторитой байх асуудал чухал. Мөн БНХАУ руу экспортод гарч буй ХАА-н гаралтай бүтээгдэхүүний 40 гаруй хувийн татварыг хөнгөвчлөхийн тулд хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээрүүд хийсний үндсэн дээр хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх юм. Бизнес эрхлэгчид өөрсдийн зүгээс шаардлагатай зүйлсийг хийж хэрэгжүүлэхэд бэлэн байна. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Засгийн газар хооронд 1.2 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан бол бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын өртгийн дүнтэй 36 баримт бичигт гарын үсэг зурлаа. Цаашдаа энэ харилцаа улам бүр өснө. Ингэхийн тулд хоёр орны Худалдааны танхимын хувьд бизнесийн орчныг улам боловсронгуй болгох, сайжруулах чиглэлээр төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж чадвал ихээхэн боломж гарна. Засгийн газраас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр хувийн хэвшлийн түншлэлийг Дэлхийн банкны зөвлөмжөөр байгуулсан. Энэ бол маш нааштай өөрчлөлтүүд юм. Үүнийг ашиглаж, төр хувийн хэвшил хамтарч ажиллавал маш их боломж байна.



“Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра:
“Бодь интернэшнл” компани сүүлийн 6 жилийн турш эрчим хүчний салбарын бизнест өрсөлдөхөөр судалгаа явуулж, 2016 онд хөрөнгө оруулалт болон эрчим хүч нийлүүлэх гэрээ хийсэн. Энэ хүрээнд Төв аймагт орших Бөөрөлжүүтийн талд 300 мегаваттын хүчийн чадал бүхий цахилгаан станц барих юм. Өнөөдөр “Бөөрөлжүүтийн 300 мвт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөл”-ийн Ерөнхий гүйцэтгэгч компани болох “China state construction engineering LLC” групп-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төлөвлөгөөний дагуу энэ оны 8 дугаар сард барилгын ажлаа эхлүүлж, 2 жил 3 сарын дараа ашиглалтад орно. 2022 оноос эхлэн Монгол Улсын нийт эрчим хүчний 25 орчим хувьтай тэнцэх хэмжээний эрчим хүч нийлүүлнэ гэж тооцож байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани энэхүү төслийг хэрэгжүүлж байна.




Монголын кино урлагийн наадам холбооны захирал Б.Жаргалсайхан:
Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Чингис хааны тухай олон ангит кино хамтран хийх” төсөлд Өвөр Монголын Чингис хаан кино урлаг ХХК, Монголын кино урлагийн наадам холбоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр кино маань үндсэндээ эхэлж байна гэсэн үг юм. Хамтарсан кино гэдэг утгаараа хоёр орны уран бүтээлчид оролцож, зохиол дээрээ Монгол, Өвөр Монголын  түүх судлаач, зохиолчид хамтран ажиллах юм. Энэ оны 6 дугаар сараас багаа бүрдүүлж, бэлтгэл ажилдаа орно. 2019 оны 7 дугаар сард кино зураг авалт эхэлнэ.  Өмнө нь хийж байсан Чингис хааны тухай кинонуудаас ялгарах онцлог нь Чингис хааныг түүхэн талаас үзүүлэхээс гадна хүн ямар их хүч хөдөлмөр зарцуулж байж амжилтанд  хүрдэг, түүнийг хүмүүс тойрон хүрээлдэг, ямар их ухаан зарж байж сайхан амьдардаг вэ гэсэн санааг харуулахыг зорьж байна.
Н.Гантуяа
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ