Шашны байгууллагуудыг нийтийн цэвэрлэгээ, тохижилт, бүтээн байгуулалтад оролцуулах санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-11 20:19:22
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байгаа Будда, Христ, Мусалман шашны 33 сүм хийд байдаг бөгөөд эдгээр нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг мөрдөн ажиллаж байна.

Харин 2017 онд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг манай аймагт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан ба ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах үеэр Тэргүүлэгчдийн зүгээс “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах, хориглох журам”-д өөрчлөлт оруулах саналыг гаргасан юм.

Тиймээс аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг шинэчлэн боловсруулж, үүнд иргэдийн саналыг тусгах зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хориглох” журмын төсөлд иргэдийн саналыг тусгах нь” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх журмын төсөлд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад тавих хяналтыг сайжруулах, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны арга хэмжээнд татан оролцуулахыг хориглох, нийтийг хамарсан цэвэрлэгээ, үйлчилгээ, гадна тохижилт, бүтээн байгуулалтын ажилд шашны байгууллагуудыг өргөнөөр хамруулах зэрэг заалт оруулах саналыг тавьж байлаа.

Мөн шашны зан үйлээс байгаль экологид хор хөнөөл учрах тэр дундаа мод чулуунд хадаг уях, хог хаях зэрэг асуудлыг таслан зогсоох, шашны байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх төвүүдийн өдөр тутмын ажил, сургалт явуулж байгаа хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, хүүхэд сурч хүмүүжих орчныг бүрдүүлсэн эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэйг анхаарууллаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч, Ажлын хэсгийн ахлагч Т.Ганболд, “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хориглох” журмын төсөлд иргэдийн саналыг авч, мөн нийтийн сонсгол зохион байгуулах бөгөөд улмаар аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, эцэст нь аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар энэхүү журам нийтээр дагаж мөрдөх эрхзүйн баримт бичиг болж хэрэгжиж эхлэх болно хэмээн онцлов.
 
Л.Отгонбаатар
 

Холбоотой мэдээ