Байгаль орчинд сөрөг нөлөөгүй жорлонгийн технологийг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-16 22:55:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Нутгийн шийдэл" сангийн "Цэвэрч Монгол" төслийн хүрээнд улс орон даяар зохион байгуулж буй "Жорлонгоо өөрчилье" сургалт өнөөдөр Өлгий хотод боллоо.

Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нээж, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөллөөс нийтдээ 80 гаруй хүн оролцлоо.

Зохион байгуулагчид сургалтын үер өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал болсон хөрс, ундны усны бохирдол, жорлонгоос үүдэлтэй халдварт өвчнүүд болон хүрээлэн буй орчин, хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй жорлонгийн шинэ технологи, гарц, шийдэл, бизнесийн боломжуудын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн орон нутгийн онцлогт тохирсон байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламжийн шийдлүүдийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, бүх оролцогчдод сертификат гардууллаа.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн 95 хувь, айл өрхүүдийн 90 орчим хувь нь хөрс бохирдуулагч энгийн нүхэн жорлон ашигладаг гэсэн албан бус мэдээлэл байдаг аж. Өнгөрсөн онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах, шаардагдах зардлыг шийдвэрлэхийг аймаг, сум, дүүргийн ИТХ, Засаг даргад үүрэг болгосон ч тус аймагт энэ чиглэлээр дорвитой ажлууд хараахан ажил хэрэг болж эхлээгүй байгаа юм. 

Ө.Нурболат


Холбоотой мэдээ