НҮБ-ын Хүүхдийн сангаас зарим суманд гэр сургууль, цэцэрлэг өглөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-19 20:12:04
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Чандмань, Хөхморьт суманд  тус бүр 6 сая төгрөгийн иж бүрэн гэр сургууль,  Эрдэнэ суманд 4,4 сая төгрөгийн гэр цэцэрлэг олгохоор батламжийг нь энэ сарын 19-ний өдөр Алтай хотноо зохиогдсон "Боловсрол, соёл, спортын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн"-ий үеэр гардууллаа. 

Эдгээрийг Говь-Алтай аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдийн тэгш, хамран сургалтыг дэмжих зорилгоор олгож байгаа ажээ. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн оюуны хөгжлийг дэмжин тус аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 700.000 төгрөгийн оюуны хөгжлийн ном, тоглоомын багц авах батламжийг аймаг, сумдын цэцэрлэгүүдэд өгсөн юм. Тус аймгийн ЗДТГ нь өнгөрсөн оноос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан юм.
 
Боловсрол, соёл, спортын салбарын бодлого зорилтын хэрэгжилтийг ханган, ажлын хариуцлага, төсөв санхүү, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг эрхэмлэж, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор дээрх зөвлөлгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөлгөөнд аймгийн төв болон сумдын нийт сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, соёл, спортын салбарын төлөөллүүд оролцлоо.
Мөн зөвлөлгөөний үеэр аймгийн Засаг дарга С.Гансэлэм салбарын нэгжийн менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулсан байна. 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ