Зүүнгарын говийн тахийн сүрэгт энэ жилийн анхны унага төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-20 10:40:05
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол орны баруун хязгаар Алтайн нурууны өвөрт орших Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа буюу Зүүнгарын говьд нутагшуулж байгаа тахийн сүргийн энэ жилийн анхны унага дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Ажнай азаргатай сүрэгт төрлөө.

Өнгөрсөн оны хувьд дөрөвдүгээр сарын 15-ны өдөр анхны унага гарч байжээ. Тус нутгийн тахийн сүрэгт энэ хавар унагалах 50 гаруй хээлтэй гүү байгаа гэнэ. "Дэлхийн болон Монголын “Улаан ном”-д орсон тахийг Зүүнгарын говьд 26 жил нутагшуулсны үр дүнд тахийн тоо толгой 200-д хүрээд байна. Ер нь сүүлийн жилүүдэд тахийн тоо толгой хурдацтай өсч байгаа" хэмээн Говийн их дархан цаазат "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар мэдээлэв.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ