Уул уурхайн 150 орчим компани ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-23 01:09:51
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 0.5 хувьд 53 ААН ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэсэн судалгаа гарчээ. Мөн 15 сумын нутаг дэвсгэрт 75 ААН-ын 96 хайгуулын тусгай зөвшөөрөл байна.
Мөн "22 ААН-д Баянхонгор аймгийн 650 гаруй иргэн байнгын ажлын байртай, том оврын 40 гаруй автомашин түрээсийн байдлаар ажиллаж байна. Мөн ажилчдын цалингийн зардалд 3 тэрбум гаруй төгрөг, түрээсийн машинд 1.2 тэрбум төгрөг, хоол, унд, ажилчдын хувцас хэрэглэл зэрэг үйл ажиллагаанд 4 орчим тэрбум төгрөг эргэлдсэн"-ийг албаныхан танилцуулав.
Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ААН аймаг орон нутагтай тухайн жилдээ гэрээлж, хамтын ажиллагаагаа баталгаажуулаагүй нэг жил болоход тухайн лицензийг цуцлах эрхзүйн боломжтой байдаг аж. Энэ үндэслэлээр энэ онд 65 ААН-ын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна. Аймаг, орон нутагтай албан ёсоор гэрээлж үйл ажиллагаа явуулсан 10 ААН байсан бол бичиг баримтын зөрчилтэй, хууль бусаар үйл ажиллагаа явуулахыг завдсан таван ААН-ын үйл ажиллагааг хууль, хяналтын байгууллагатай хамтран зогсоожээ.
                                                                                                                                                        Б.Мөнхзул
Холбоотой мэдээ