Малын эмч мэргэжилтнүүд шинэ хууль, эрх зүйн орчинтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-23 15:00:11
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа уг сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Эрх зүйн орчин нилээдгүй өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа цаг үед энэ удаагийн сургалт зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болж байна.
Аймгийн хэмжээний мал эмнэлгийн нэгжийн нэг эмчид 36.7-58.1 мянган толгой мал ноогдож байгаа нь та бүхний ачаалал ямар байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Малын эрүүл мэндээс гадна нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, Олон Улсын зах зээлд эргэлтэнд оруулах зэрэг олон чухал зорилтууд бидний өмнө байгаа. Энэ бүхэнд та бүхний ажлын үүрэг, хариуцлага өмнөх жилүүдээс илүү нэмэгдэж байгааг анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн хэллээ. 
Энэ 2018 он малын эмч мэргэжилтнүүдийн хувьд шинэ хууль, эрх зүйн орчинтой жил болж буйгаараа онцлогтой болж байгаа аж. Иймээс Сэлэнгэ аймгийн ХХААГ-аас нийт малын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зөвлөлгөөнийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.
УИХ-ын намрын чуулганаар “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” хуулийг баталсан бөгөөд ирэх 06-р сарын 01-нээс мөрдөхөөр бэлтгэл ажил хийж байгаа аж. Энэхүү бэлтгэл ажилтай холбогдуулан зохион байгуулж буй энэхүү сургалт малын эмч, мэргэжилтнүүдэд хууль эрх зүйн өргөн мэдлэг, мэдээлэл өгч буйгаараа онцлог болж байгаа ажээ. Тухайлбал дээрх хуулиуд нь малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах, мал амьтны гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг oлон улсын зах зээлд гаргахад үүсч байгаа элдэв хориг саадыг арилгахад туслах юм байна.
Мөн хуулинд малчдаас эхлээд холбогдох яам, тамгын газар гээд бүх шатанд эрх, үүрэг хариуцлагыг нь тодорхой зааж өгснөөрөө онцлог хууль болж байгаа юм байна.   
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ